БАЯН-ӨЛГИЙ: Суурин төлөөлөгч Рита Жонасмаг хүлээн авч уулзав
Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Рита Жонасма, тус байгууллагын хөгжлийн захирал Елин Ваннес, Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Шитель Есфеланд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн удирдагч Н.Сосорбарам нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт 2020 оноос хэрэгжүүлж байгаа. 2024 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн дунд хугацааны үнэлгээний тайланг санхүүжүүлэгч байгууллага болох Норвегийн тусламжийн байгууллагаас үнэлж, хоёр дахь шатны төслийг Баян-Өлгий аймагт 2025 оноос дахин хэрэгжүүлэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор Норвегийн тусламжийн байгууллагын Монгол байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Рита Жонасма тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж, төслийн явцтай газар дээр нь танилцаж байгаа аж. Дээрх уулзалтаар талууд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж буй ажлууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн үр нөлөө, анхаарах асуудлууд, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцлоо.