Уралдаанч хүүхдийг оролцуулах зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулна

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээлэв. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7.11-д уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс наадмын хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.5.7-д уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах гэж заасан байдаг. Мөн Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журамд “хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх, талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах” гэж заасныг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү зөвшөөрлийн бичиг нь эцэг, эх, асран хамгаалагч нь хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах талаар хүүхэдтэйгээ зөвшилцөж, зөвшөөрснийг баталгаажуулах эрх зүйн баримт болж буй. Мөн морины эзэн, уяач нь хуулийн дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох даатгалд хамруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй, эсэхийг хянах юм.
Ч.Болор
https://www.unuudur.mn/a/281288