БАЯН-ӨЛГИЙ: Алтай Таван богдын аяллын маршрут

189


Олон үндэстэн, угсаатнуудын өлгий нутаг Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал өнгөрсөн онд тус аймгаар аялсан гадаад, дотоодын аялагчдын тоо 42 мянгад хүрсэн гэдэг мэдээллийг аймгийн Аялал жуулчлалын холбооноос өгөв.

Эдгээр аялагчдын 50 хувь нь Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт, 34 хувь нь Хотон, Хурган, Даян нуураар, 10 хувь нь Толбо нуурт, 4 хувь нь Хөг сэрхийн нуруу, Ёлтын сав газар, 2 хувь нь Ачит нуур болон Цамбагарав уулаар аялсан.
Ирэх зун амралтаа хаана, хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж буй иргэдэд зориулж Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байна.
Алтай Таван богдын байгалийн цогцолбор газар

Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад, нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг.

Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн Монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай.
Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог юм. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт.

Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг Оросын судлаачид ХІХ зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгаа хийж байжээ. Мөн 1905, 1906, 1908, 1909 онд Томскийн Их сургуулийн профессор В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалсан байна. Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд уулын оргилуудын өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү Борис, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай авирсан байна. Харин манай орны иргэдийн хувьд 1956 оноос Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй юм.
Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын дийлэнх нь Алтай Таван богд уулыг зорьдог. Тус ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн их тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд аялал жуулчлалын компаниуд, иргэд сүүлийн жилүүдэд эсгий гэр олноор барьж, аялагчдад хоноглох байр, хоол унд, цагаан идээ, унаагаар үйлчилдэг болсон.

Алтай Таван богдод яаж очих вэ? 

Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул цахим үйлчилгээний нэгдсэн порталwww.e-mongolia.mnсайтаас, эсвэлӨлгий хотод байрлах хилийн 0165 дугаар /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Алтай Таван богд уул нь Өлгий хотоос 185 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар шороон замаар явах боломжтой. Гэхдээ Алтай Таван богд уул руу очих зам бартаатай гэдгийг анхаарч, эрсдэлээ урьдчилан тооцоход илүүдэхгүй. Мөн морьтой, явган аялал хийж болно. Ихэнх газраас мобиком, юнител, жи-мобайлын сүлжээ барина.
Баян-Өлгий аймаг нь нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон тул сүүлийн жилүүдэд тус аймгийн зорих иргэд жижиг суудлын тэргээр ирэх нь нэмэгдэж байна. Автобусаар ирсэн аялагчид ч мэр сэр тааралддаг. Хотоос, эсвэл бусад аймгаас унаж ирсэн машинаа аймгийн төвд орхиод, хэд хэдэн гэр бүл хамтраад аялал жуулчлалын компани, хувиараа аяллын хөтөч хийдэг хүмүүстэй тохирч туулах чадвартай жийп, эсвэл Пургон машинаар Алтай Таван богд руу явах боломжтой. Аялах машиндаа километрээр нь тооцож шатахуун хийж, жолоочид нь хоногийн 150 мянган төгрөгийн хөлс /2022 оны байдлаар/ төлөөд цаашаагаа явах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талаас нь ч сайн гэдгийг аялагчид хэлж байлаа.

Зам зуур юу үзэж сонирхож болох вэ?

Үндэстэн ястнуудын амьдралтай танилцах. Зам зуур казах, тува түмний амьдрал ахуй, бүргэдчинтэй хамт явж бүргэдээр ан хийх урлагтай танилцах /өдөрт 50000-100000 төгрөг/, мөн гартаа бүргэд суулгаж дурсгалын зураг татуулах боломжтой. Зам дагуух айлуудаас морь хөлслөн авч болно. Морины хөлс өдөрт 40000-50000 орчим төгрөг байна.


Цагаан салаагийн хадны сүг зураг.Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Цагаан салаагийн хадны сүг зураг нь аймгийн төвөөс 165 км-т оршдог. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг.
Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг.

Эдгээр зургаас хүмүүс тэр үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед Монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.

Шивээт хайрхны хадны зургийн цогцолбор. Тухайн хадны зургийн цогцолбор нь Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн харагдана. Шивээт хайрхны хадны зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар 2011 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Хүн чулуу. Алтай Таван богд очих зам дагуу Цэнгэл сумын нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.

Хэрвээ та Алтай Таван богдод очихоор шийдсэн бол дулаан хувцаслан хувийн бэлтгэлээ сайтар хангаж, найдвартай унаа, хөтчөөр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн хилийн бүсээр аялахдаа иргэний үнэмлэх, гадаадын иргэд паспортаа биедээ заавал авч явах шаардлагатай юм.
Аялагчдад хэрэг болж магадгүй зарим мэдээллийг доор орууллаа.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын шуурхай утас: 70424042,e-mail:info@bayan-olgii.gov.mn
Баян-Өлгий аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар. Утас: 7042 2635, e-mail:info@sitename.com
МонголАлтайннурууныулсынтусгайхамгаалалттайгазрынхамгаалалтынзахиргааныМэдээллийнтөв.Утас: 99423395,e-mail:jadyra_27@yahoo.com
Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа Утас: 99429171  
Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги. Утас: 88220165
Цагдаагийн газар: 7042102,e-mail:police@bayan-olgii.gov.mn
Онцгой байдлын газрын шуурхай утас: 7042101, 7042105,e-mail:info@bo.nema.gov.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn