Эрдэмтэн Б.Базылханы мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Нэрт алтай судлаач, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Бухатын Базылхан агсны мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Монгол, казах харьцуулсан хэл зүйн үндсийг тавьсан эрдэмтний ойн баярт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 29-ний өдөр МУИС-ийн дугуй танхимд болов.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн эрдэмтэн судлаачид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын хэл шинжлэлийн нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Академич Л.Болд "Б.Базылханы эрдмийн өв", доктор Э.Пүрэвжав "Монгол хэл судлаач Б.Базылхан", доктор Б.Алтангүл "Б.Базылханы харьцуулсан хэл зүйн бүтээлийн үнэ цэн", А.Жамбал "Б.Бахылханы Казах-Монгол, Монгол-Казах толин дахь философи, улс төрийн нэр томьёны орчуулгын зарим асуудалд", докторант Ж.Зүлмира "Б.Базылханы Казах-Монгол, Монгол-Казах толь бичгийн үнэ цэн, ач холбогдол" зэрэг сэдвээр итгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн Ардын уран зохиолч, доктор, профессор Т.Султан, академич А.Бакей нар эрдэмтний тухай дурсамжуудаасаа хуваалцав.
Б.Базылхан нь 1960 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1960-1994 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, ахлах, тэргүүлэх ажилтан, 1994-1999 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1999 оноос Монгол Улсын ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм-эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тус тус ажиллан эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл шүүмж олныг туурвисан байна.
Тэрбээр, 1975 онд Казахстаны Алматы хотноо "Монгол казах хэлний харьцуулсан түүхэн хэлзүй" сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний, 1993 онд "Монголын казахуудын хэл ба түүний бусад Алтай хэлнүүдтэй хамаарлын асуудал" сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Мөн "Казах-монгол толь" (30 000 орчим үгтэй, 1977), "Монгол-Казах толь" (40 000 орчим үгтэй, 1984), "Монгол-Казах хэлний харьцуулсан үг зүй" (1975), "Казах-монгол хэлний харьцуулсан түүхэн хэлзүй" (авиа зүй, 1999), "Казах монгол хэлний харьцуулсан түүхэн хэлзүй" (үг зүй, 2000), "Монголын казахуудын хэл" (1991), "Эртний түрэг бичээсийн хэлний үгийн бүтэц" (1984), "Краткая сравнительно-историческая грамматика монгольского и казахского языков" (1974), "Монгол хэлний сурах бичиг" зэрэг суурь судалгааны 20 гаруй бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ОХУ, Казахстан, БНХАУ зэрэг орны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан ажээ.