АТБ буюу Алтай Таван Богдын аялал

294


Их уулсын орон Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богдын аялал гэгч нь гайхамшигт газар нутаг, халуун сэтгэлтэй Казак түмний ахуй амьдралыг бүрэн төгсөөр нь харж үзэж, хайрлаж биширч болох тун сайхан аялал байдгийг өөрийн биеэр мэдэрсний учир энэхүү бяцхан тэмдэглэлийг уншигч танаа толилуулж байна. Эх нутгийнхаа алс баруун хязгаартай танилцаж, түүнийг үзэж сонирхоосой гэсэн нэгэн гол санаа энэхүү бичлэгт маань байгааг цухас дурдаад тэмдэглэлээ эхэлье.
Намар цагийн дулаахан хонгор өдөр сэрүүн Алтайн зүг нисэхээр тэнгэрийн хөлөгт сууж, хоёр цагийн дараа Өлгий хотод газардав. Аяллын хөтөлбөр маш тодорхой, бүх зүйл жин тан байсан нь биднийг улам ч баярлуулав. Цаст сүмбэр уулсын орон, цалгих мөнгөн долгиот нуур, гол мөрдийн нутаг амгалан сайхан дүрээрээ угтан авлаа. Өлгий хотоос баруун тийш пургон хэмээх хоёр машинд сууцгааж Улаан хус сумын төвд очлоо. Их найрагч Р.Чойномын “Алтай” найраглалд гардаг шиг “Орсон гийчин бүхэнд өндөр гэр нь зайтай, Ойр холгүй зочилдог өтгөн шаргал цайтай” Казак түмний хээ угалз болсон гоёмсог тохилог гэрт зочиллоо… Зурагтаар олонтаа үзэж танил болсон Бага Түргэний хүрхрээ нь байгаль дэлхийн сүр хүчин, үзэмж гоогоороо биднийг угтлаа.
Буурын цагаан хөөс шиг
Бургилж буцалсан цай шиг
Бум түмэн жилийн зүүд мэт
Будмал ганган бүсгүйн зүүсгэл мэт
Алтай ханы зүрхэн шовх оргил дундах
Аман үлгэрийн шид домборын яруу аялгуу мэт
Агсам түргэн энэ хүрхрээ хорь гаруй метр цавчим өндөр хаднаас садран асгаран, хүрхрэн түрхрэн буух ажгуу.
Алтай гэмээ нь усны орон бүлгээ. Хотон, Хурган, Толбо нуур, Сүүн гол… Түмэн өнгө, буман үзэсгэлэн төгс эдгээр гол усыг үзэж гайхан биширснээ бичивч үл барагдмуу. Урьд өдөр нь бид Улаан хус сумаас урагшхан байдаг Алмакук охины нэртэй дурсгалын хөшөө бүхий нэгэн өндөрлөгийн хажуугаар цэлийн шаргалтсан өргөн хөндийд бүргэдийн баяр үзэцгээв. Тэрхүү Алмакук охинтой холбоотой бяцхан домгийг аяллын ахлагч, сайн зохион байгуулагч, эрдэм оюун сайтай Казак Б. Есерхан ярьж өглөө. Домог нь ийм ажгуу:
Түүх сөхвөл: 1885 он ажээ. Хятад нутагт Казакуудын амьдардаг Алтай нэрт хошуунд Алмакук нэртэй охин бүргэд сонирхдог байв. Гэтэл тэнд бас түүний үерхдэг бүргэдчин залуу амьдарч байлаа. Суух гэтэл охины эцэг эх нь ядуу хүүтэй охиноо суулгахаас татгалзсан учир хоёул оргож, 400 гаруй км замыг туулж энэхүү Улаан хусад иржээ. Алмакук охин одооны энэ хадат толгой дээрээс анх удаа бүргэдээ нисгэж үнэг бариулсан түүхтэй. Эцэг эх нь тэр 2 залууг эрээд олсонгүй. Түүнээс хойш 2 залуу Улаан хус суманд амьдран суусан ажээ. Тэр хоёрын дурсгалд зориулсан хөшөө бүхий толгойг “Алмакук тохой” хэмээн нэрлэдэг болсон түүх ийм бүлгээ. Бүргэдийн баярын төгсгөлд нэгэн бүргэдийг байгальд нь тавих ёслол болов. Дэгдээхэйг үүрнээс нь бариад таван жил орчим анд сургадаг ажээ. Нэгэнт ан хийж сурсан тэр жигүүртэн осолдох эндэх юмгүйгээр хөх тэнгэртээ дүүлж, их ууландаа амьдран хоолоо олж чаддаг ажээ. Энэхүү уламжлал нь аль тэртээх 170-аад жилийн өмнөөс эхэлсэн байна. Дэгдээхэй болгон бүргэд болдоггүй аж. Харин ч хүний гараар тэжээгдээд ан хийж сурснаар эсэн мэнд үлдэх нь илүүтэй гэнэ. Бүргэд 50-100 насалдаг гэхээр энэ нь Казак түмнээс уламжлагдсан сайн үйл ажгуу.
Улаан хус суманд зохион байгуулагдсан энэхүү бүргэдийн баяраар 5 настай бүргэдийг байгальд нь тавих ёслол болж, миний бие батламжилж, охин Х.Алтантуяа маань байгальд нь нисгэснээр хүндтэй сайхан үйл явдлын эзэд боллоо. Хөтөлбөрийн дагуу бидний үзэх зүйл цааш ундарсаар. Хурган нуур хэмээгч нь ёстой л нялх хурганы арьс шиг жижигхэн буржгар долгиотой, хөөцөлдөн тоглох загасны мөнгөн хайрс мэт гоёхон хөөрхөн нуур юмаа. Домборын цоглог аялгуу залуусын инээд шуугиан дуу эгшигтэй сүлэлдээд Алтайн сэрүүн цэнгэг салхиар өртөөлөн буйдхан тэр орчныг чимж байлаа. Мөнөөх нэртэй жуулчин Потанины алдраар нэрлэгдсэн мөсөн голынх нь хажуугаас Алтайн Таван Богдын мөнх цаст оргилууд өглөөний наранд цайвалзан сүндэрлэх нь омог бардам агаад жавхлан төгс нь хэтэрхий. Аялагчид Малчин Богдын оргил дээр гарцгаав. Цаана цаанаасаа өндрөө гайхуулах мэт цухуйн сүмбэрлэх уулсын их чуулган цайвалзана. Түүний дундаас хамгийн өндөр (4374 метр) Хүйтэний оргил нүд гялбуулна. Түүний цаах нь Найрамдал оргил (4192 метр) сүндэрлэнэ. Наахан нь нар тосон угтдаг Наран оргил (4050 метр) налайна. Малчны оргил ч бас л 4051 метрээс дээш өргөгджээ. Энэхүү оргил дээрээс Потанины мөсөн гол дэлгэсэн хадаг мэт сунайн үлгэр домгийнх мэт цавцайн цайрна. Лавтайяа 20км урт ажээ. Ийм гайхамшгийг үзсэн би хэмээх найрагч доорх хэдэн мөрийг таталгавай.
Хан Алтайн мөнгөн толь
Халгиж царцсан мөсөн гол
Дээд тэнгэрийн нар хальтрам
Дэргэдэх уулс нь нүүрээ тольдом
Түм буман жилийн мөсөн хурдас
Түүх домог хүүрнэсэн мөнгөн хуудас
Таван Богдын цалин цагаан бүс
Арван дүнчүүр жилийн уртын урт нас!
Хорь гаруй км үргэлжилдэг Бага Ойгорын 400-500 жилийн өмнөх хадны сүг зургуудыг үзлээ. Аргал, янгир буга, хандгай, нум сум агссан хүн зэрэг зургийг харахад хэдэн мянганы тэртээд элэнц дээдсийн маань урласан чулуун судар мэт бүлгээ. Цав цагаан Сүүн гол, хараа хүрэх аргагүй сүмбэр оргилууд, сүрэг сүргээрээ давхилдах аргаль, янгирын сүрэг, уулын царманд ургасан вансэмбэрүү цэцэг, 1920-иод оны Хасбаатар, Байкалав зэрэг жанждын Цагаантны эсрэг тулалдаж, бүслэлтэнд 42 хоног бэрхийг даван туулсан баатарлаг эрчүүдийн халуун мөр, бүлээн цусыг шингээсэн Толбо нуур гээд үзсэн бүхнээ өгүүлнэ гэвэл энд яахан багтах вэ. Домог түүхийн их өлгий догшин сүрлэг Алтай нутагт 11 өдөр, 10 шөнийг өнгөрөөсөн минь энэ насны нэгэн жаргал байлаа. Биднийг удирдан хөтчилсөн Өлгий нутаг, Улаан хусын унаган казак Б.Есерхан, түүний гэргий орос, англи хэлний багш, тогооч Х.Нуршуах, замаа сайн мэддэг сайхан ааштай уран жолооч Ж.Серикбол, Н.Досгелди нартаа аялагч бүхэн гүнээ талархсаар байлаа. “Уулсын өндөр Алтайдаа улсынхаа сүлдийг залсан” монголчууд бид баян буурал энэ нутгийг жилийн ямар ч улиралд зорин очиж зорчин аялах боломжтой юмаа гэдгийг төгсгөлд нь дурдсу. Фэйсбүүк хуудас: Алтай Таван Богд аялал (АТБ ХХК)
Эрхэм таныг эх орны минь баруун хязгаар Алтайн Таван Богд хүлээж байна.
Э.Хархүү (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч)
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn