БАЯН-ӨЛГИЙ: Цуурч А.Енбекийн бүтээлийн ном олны хүртээл боллоо

288


Цуурч А.Енбекийн “Бесбогда” /Таван богд/ номын нээлт аймгийн Төв номын санд өнөөдөр боллоо. Тус номыг Казахстан Улсын Урлагийн академийн профессор, урлаг судлаач Хайыргазы Төлен, Айбол Худайбергенов нар эмхэтгэн гаргажээ. Номонд уран бүтээлчийн тоглосон 13 хөгжмийн аяны түүх, нотыг аудио бичлэгийн хамт оруулсан байна. Эдгээр аянуудыг 5 нь ардын ая, 8 нь А.Енбекийн зохиосон бүтээл аж. Харин номыг цуурчийн Алтай Таван богд ууланд зориулан бичсэн "Бесбогда" хэмээх аяын нэрээр нэрлэжээ. 

Номын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Соёл, урлагийн газрын дарга К.Бегжан нар оролцож баяр хүргэлээ. А.Енбек нь 1962 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн. Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгосон уран бүтээлч бөгөөд одоо гэр бүлийнхээ хамт Өлгий хотод амьдарч байна.

Тэрбээр анх 18 насандаа цуур тоглож сурчээ. 2009 онд цуур хөгжмийн уламжлалт урлагийг ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлэх үйл ажиллагаанд "Эх булаг", "Ертисийн давлагаа" аяыг тоглон оролцсон байна. Тэдний удамд цуур татдаг хүмүүс олон байсан ба ах С.Камалхан зартай цуурч,  ах А.Арыстан ч цуур татдаг байжээ.  Ташрамд дурдахад, Цуур /казахаар “сыбызгы”/ хөгжим нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, шүд, уруулын оролцоотойгоор дуугардаг казахын ард түмний модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn