В.Путин Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярина

453
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантой даваа гарагт утсаар ярина гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдээллээ. ОХУ, Туркийн удирдагчид Украины байдлыг дахин хэлэлцэх төлөвтэй байна. Эрдоган мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөжээ.
 
Удахгүй болох яриа хэлэлцээний талаар Р.Эрдоган хэлэхдээ, Швед, Финландын НАТО-д элсэх төлөвлөгөөг ОХУ "нааштай харахгүй байна" гэж онцолжээ. Москва "ялангуяа Финландын асуудалд санаа зовж байна" гэж Туркийн Ерөнхийлөгч хэлсэн байна.
 
Террорист байгууллагууд, тодруулбал Курдийн Ажилчны намын талаарх байр сууриа тодорхойлоогүй цагт эдгээр улсыг Умард Атлантын эвсэлд гишүүнээр элсүүлэхийг Анкара дэмжихгүй гэж Р.Эрдоган урьд нь мэдэгдсэн юм. Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны намыг террорист байгууллага гэж үздэг билээ.
 Тэрбээр дараа нь тодруулахдаа, хэрэв Стокхолм, Хельсинки нар аюулгүй байдлын асуудлаар санал нэг буйгаа тодорхой харуулбал Анкара байр сууриа өөрчилж болох юм гэж мэдэгдсэн байна.
 
Орос, Туркийн удирдагчид Украинд “цэргийн тусгай ажиллагаа” эхэлснээс хойш хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хамгийн сүүлд тэд дөрөвдүгээр сарын 28, 26-нд ярьсан бөгөөд мөн л Украины байдлын талаар хэлэлцсэнээс гадна, Анкарагийн нисэх онгоцны буудалд Оросын иргэн Константин Ярошенког АНУ-ын иргэн Тревор Ридээр солиход тусалсанд В.Путин Р.Эрдоганд талархал илэрхийлжээ. ОХУ-ын төрийн тэргүүн улс орнуудын удирдагчидтай тогтмол утсаар ярьж байгаа юм. Энэ сард тэрбээр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Австрийн Канцлер Карл Нехаммер, Италийн Ерөнхий сайд Марио Драги болон бусад удирдагчтай ярьжээ. Тавдугаар сарын 28-нд В.Путин Францын удирдагч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нартай ярьсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn