Ж.Чүлтэмсүрэн: Болзошгүй аюулаас сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг үнэлж, шийдэл гаргах дадлага сургууль явагдаж байна
Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна. Тус сургуулийн онцлог, үр дүнгийн талаар Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн онцлог юу вэ?
Энэхүү дадлага сургууль ньэнэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлогтой. Онцгой байдлын байгууллагаас Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.
Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь гурван үе шаттайгаар явагдаж байна. Сургуулийн бодлогын дагуу эхний өдөр удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгуулсан. Өнөөдөр буюу сургуулийн хоёрдахь өдөр “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг хийлээ. Үргэлжлүүлэн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна. Маргааш буюу 12-ны өдөр удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдснаар дадлага сургууль өндөрлөх юм.
-Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах ур чадварыг дээшлүүлэхэд сургуулийн гол зорилго чиглэгддэг. Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх штабын дадлагын талаар дэлгэрүүлж мэдээлэл өгвөл?
Дадлага сургуульдаймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн70 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.
Баян-Өлгий аймаг нь эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс өндөрт оршдог учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг онцлогтой. Аймаг, орон нутгийн онцлог, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гол, усны осол, үерийн аюул, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт зэрэг гамшиг, ослын тоо, давтамж нэмэгдэж байна.
Тиймээс тухайн аймагт тохиолдож болзошгүй гамшиг, ослын дагуу гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх команд штабын дадлага сургуулийг хийж байна. Энэхүү дадлага сургууль нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хүч хэрэгслийн тооцоо, судалгааг гаргаж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэж байгаа юм.
-Дадлага сургууль гурван өдөр үргэлжлэн явагдаж, маргааш өндөрлөнө. Сургуулийн үр дүнг юу гэж тодорхойлох вэ..?
Дэлхий нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох үйл ажиллагаанд зарцуулсан нэг доллар гамшиг гарсны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартай тэнцдэг гэж үздэг. Энэ нь гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг зохион байгуулах нь эрсдэлийг богино хугацаанд даван туулах ач холбогдолтой гэдгийг харуулсан тооцоолол юм. Энэ удаагийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь 2017 оноос хойш 5 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ хугацаанд аймгийн удирдлага, шат, шатны дарга нар шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоог уялдуулах, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодогтол хийх, цаг, үеийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлага тулгарсан. Нөгөө талаас сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст цар тахлын улмаас сургууль, дадлагын үйл ажиллагаа хойшлогдсон. Тиймээс гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаасалбар бүртээ тодорхойлон, шийдвэр гаргах шатанд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тодотгож, бэлтгэл, бэлэн байдлаа хангах нь чухал байна. Дадлага сургуулийг зохион байгуулснаар аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тооцож, зөв хуваарилах зэргээр гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.