Баян-Өлгий аймгийн музейн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Энэ хүрээнд, өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн музейд ажиллаж, музейн удирдлагуудтай уулзлаа. Баян-Өлгий аймгийн музей нь 1948 онд аймгийн орон нутгийг судлах кабенит нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд Юань гүрний үед хамаарах эртний үзмэрүүдээс гадна угсаатаны зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон олон тооны үзмэртэй юм. Баян-Өлгий аймаг нь жуулчдын ихээр зорьж очдог бүс нутаг тул музейн арвин сан хөмрөгтөө тулгуурлан сонирхолтой үзүүлэг дэглэлтэй байхад анхаарч ажиллахыг музейн удирдлагуудад хэлсэн юм. Мөн музей нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал орон зай учраас хамгаалалтыг сайжруулах тал дээр Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлийг сурвалжлан, нээж илрүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг музейн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.