“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа

67

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ
.
“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.
 
Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.
Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ.
 
Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр"Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа. 
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.
СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn