Хүүхдээ ном унших дуртай болгохыг хүсвэл өөрөө үлгэрлэ

57

Хүүхдэд уншихыг заах нь тийм ч хэцүү биш бөгөөд харин унших дуртай болгох илүү хэцүү байдаг. Нийгмийн сүлжээ, онлайн тоглоом, мессенжер болон бусад онлайн зугаа цэнгэлтэй өрсөлдөж номонд дуртай болгох ёстой болоод байна. Литерс группын уран зохиолын редактор Анна Данилина хүүхдийг хэрхэн унших сонирхолтой болгох талаар зөвлөгөө өглөө.
“Хүүхдээ ном уншсангүй гэж загнахын оронд хүүхэд тань таны уншиж байгааг хэр олон удаа харж байгааг бодоорой. Хэрэв та зөвхөн утас эсвэл мэдээний сувгийг гүйлгэж байгаа бол яагаад хүү, охиноосоо өөр зүйл шаардах ёстой гэж. Өөрөө уншиж эхэл, уншсан зүйлийнхээ талаар төрсөн сэтгэгдлээ хүүхэдтэйгээ хуваалцаж, хүүхэд байхдаа ямар үлгэрт дуртай байсан, ямар үлгэр нь сэтгэл түгшээсэн асуултын хариултыг олоход тусалсан талаар хэлээрэй. Ингэснээр та номыг мэдлэг, баяр баясгалангийн эх сурвалж, амьдрал, харилцааныхаа нэг хэсэг болгох болно. Дашрамд хэлэхэд, энэ дүрэм нь зөвхөн ном уншихад төдийгүй, хүүхдүүдийг татан оролцуулахыг хүссэн аливаа үйл ажиллагаанд ч тустай" гэж тэр тайлбарлав.
Мөн та хүүхдэдээ өөрийн дуртай зүйлээ уншихыг албадах хэрэггүй. “Хүүхэд тал хээр дээрх индианчуудын адал явдлын оронд эрдэнэсийн эрэл, цаг хугацаагаар аялах тухай үлгэр унших болов уу. Хүүхдүүд ямар хүүхэлдэйн кинонд дуртайг хар, ижил төстэйг нь номноос олж үзээрэй. Шууд асуулт асуу. Чи одоо юу олж мэдмээр байна вэ. Ялангуяа таны хүүхэд дөнгөж уншиж эхэлж байгаа бол комик, график романуудыг үл тоомсорлож болохгүй" гэж шинжээч зөвлөж байна.
Орой бүр унтахынхаа өмнө эсвэл зүгээр л амралтын өдрүүдэд хамтдаа ном уншиж суух цаг олоорой. Ялангуяа унших нь хүүхдэд тийм ч их баяр баясгаланг авчрахгүй байгаа бол тэвчээртэй, ойлгож хандаарай. Хэрэв тэр өдрийн турш ядарсан бол чангаар уншиж эсвэл харилцан ярианы дүрд тогло. Энэ нь хөгжилтэй байх болно.
"Уншсаны дараа үйл явдлын эргэлтийн талаар ярьж, хүүхдийн бодлыг асуу. Тэр баатруудын оронд юу хийх байсан, яагаад гэсэн асуулт асууж, санал бодлоо хуваалцаарай. Энэ нь ялангуяа сургуулийн сургалтын хөтөлбөрт багтсан, унших шаардлагатай, гэхдээ бага насандаа ойлгоход хэцүү номуудад тохиромжтой юм. Ингэснээр та сонгодог зохиолуудыг дурсаад зогсохгүй хүүхдэд ойр байгаа, тусалж, тайлбарлахад бэлэн гэдгээ харуулах болно" гэж Данилина нэмж хэлэв.
Сургуулийн уран зохиолын хөтөлбөр ном унших хүслийг бууруулдаг гэсэн санааг сүүлийн үед улам бүр сонсох болсон. Номын жагсаалт хуучирсан тул сургуулийн сурагчдын амьдралыг хөнгөвчлөхийн тулд зарим бүтээлийг ("Дайн ба энх" туульс, "Обломов" роман гэх мэт) хасах хэрэгтэй гэж ярих болж.
"Би санал нийлэхгүй байна. хэрэв бид бүх зүйлийг хялбарчлах юм бол эцэст нь юу үлдэх вэ. Өөр нэг асуулт бол орчин үеийн зохиолчдын бүтээлүүдийг нэмж, сонгодог зохиолыг унших арга барилыг өөрчлөх нь зүйтэй болов уу, энд багш, эцэг эхчүүдээс их зүйл шалтгаална. Хүүхдүүддээ туслаарай, ном уншихыг үүрэг биш, харин гэр бүлийн сайн уламжлал болгон төлөвшүүлээрэй" гэж мэргэжилтэн хэлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
З.Батцэцэг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn