Украин: Дэлхийн III дайн дэгдчихсэн юм биш үү?

353

Украинд 762 хоног үргэлжилсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом телевиз, оросын сөрөг хүчний төлөөлөгч М.Ходорковский, Г.Каспаров, И.Пономарев, чекист хурандаа С.Жирнов, украины эрдэмтэн Станислав Желиховский нарын ярьсан бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Өнгөрөгч 7 хоног Орос, Украины түүхэнд хараар бичигдэх үйл явдлаар бялхан байв. Монголчуудад хамгийн ойр нь Москва дахь террорист халдлага боллоо. Алагдсан шархадсан хүний тоо эцсийн байдлаар гараагүй байна.

Укр неонацист-террористууд Москвагийн “Крокус Сити Холле”-д халдсан гэдэг эд мөрийн баримт Оросын эрх баригчдад нэн хэрэгтэй байгаа боловч эз нь таарч “Исламын Улс” гэх лалын террорист бүлэг хариуцлагыг нь өөртөө үүрч байх шиг байна. Гэхдээ бас эцсийн байдлаар тогтоогдоогүй. Гэхдээ буруутнаар Украиныг Дмитрий Медведев нэрлэчихсэн, баривчлагдсан 11 исламистууд Украин руу зугтах гэж байсан гэж Путин өөрөө хэлснийг үзвэл Украиныг ялтнаар тодруулах нь цаг хугацааны асуудал биз. Энэхүү халдлагад Украин ямар ч хамаагүй бөгөөд Украин нь террорист атакийн аргаар дайтдаг биш, байлдааны талбарт асуудлаа шийддэг хэмээн Украины ЕТГ-ын зөвлөх Михиал Подоляк тэр дор нь мэдэгджээ.

сонин mn
Энэхүү халдлагад ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албыг хардсан нэрлэсэн мэдэгдэл ч олон сайтуудад явж байна. Хилийн чанадад дүрвэсэн оросын сөрөг хүчний лидер М.Ходорковский, Г.Каспаров, И.Пономарев, Г.Гудков нар энэ хэргийг Оросын ФСБ-д тохов. 2000 онд Путин засгийн эрхэнд гарахдаа иймэрхүү ажиллагаа үйлдэж Чеченийн II дайныг эхлүүлэх далим олсон, одоо 5 дахь удаа сонгогдоод, бүх нийтийн дайчилгаа (300 мянган цэрэг) зарлаж, Оросын нийгмийг Барууны ба Украины эсрэг нэгтгэн босгохын тулд ийм цуст террор үйлдлээ, ийм халдлагыг Кремльд төлөвлөдөг, халдлагын дараа Путины байр суурь заавал бэхждэг хэмээн

Төрийн Думын гишүүн асан Илья Пономарев Freeдом ТВ-ийн “Утро Февраля” сувгаар ярив. Оросын ард түмэн хатуу гар хүснэ, цаазын ялыг сэргээх шалтаг болно гэв. “Москвад үйлдсэн энэ халдлагад Украин ямар ч хамаагүй. Энэ бол цэвэр Оросын цэргийн тусгай ажиллгаа. ФСБ-гийнхний Норд Ост, Рязань, Беслан, Курскийн шумбагч онгоц дээр явуулсан шиг л ажиллагаа” гэсэн мэдээлэл twitter-т явж байна. 

КГБ, Оросын Гадаад тагнуулын бэлтгэл хурандаа Сергей Жирнов “24 Канал” ТВ-ээр ярьснаар бол Москва дахь террорист халдлагыг маш нарийвчлан мэргэлжийн түвшинд бэлтгэсэн, анхандаа гурван террорист гэж байснаа 5 болсон, дахиад ч нэмэгдэнэ, театрын бүх хаалгыг гаднаас нь түгжсэн, гэнэт түймэр дэгдэж театрын дээвэр шатаж нурсан гээд бүгдийг алсаас эртнээс бэлтгэжээ гээд энэ бол “дайчин теракт”, армийн байлдааны зэвсэг сум хаанаас авав гээд буруутнаар Путиныг тодруулж, Москвад ийм халдлага болно, иргэдээ Оросоос гарч яв, бөөгнөрсөн газарт бүү оч гэж Барууны орнууд иргэддээ анхааруулж байсан, бас Оросын ФСБ 2022 оны намар иймэрхүү террорист халдлагын эсрэг сургуулилалт бүр тэр театрт хийж байсан баримтыг дэлгэв. Энэхүү террорист халдлагын буруутнаар Путин хэнийг ч нэрлэж мэднэ. Баруун, Америк, НАТО, өөр хэн ч байж мэднэ. Макроны яриад байсан францын цэрэг Украинаар дамжаад Москвад очжээ гэж ч гүжирдэж мэднэ гэсэн нь бүр ч ноцтой. Ийм халдлагад зам засч өгсөн нь ФСБ өөрөө мөн хэмээн оросын сэтгүүлч Сергей Асланян “Ходорковский LIVE” сайтаар ярив. “Ходорковский LIVE” сайт Крокусын аллагын захиалагч нь ФСБ ба Путин гэж оношлов.

Москвагийн халдлагатай давхцаад ОХУ-ын хоёр ч муж Оросын эрх чөлөөт босогчид, тэдэнтэй нийлсэн чеченийн ичкерийн армийн халдлага дор байна. Арав гаруй хоногт тэд алхам алхмаар давшиж, тосгон суурингуудад өөрсдийн далбаагаа мандуулжээ. Энэ бас ОХУ-ын хувьд маш том саад бэрхшээл учруулав. Оросын зэвсэгт хүчинд нэмж 200 мянган цэрэг бүхий хэд хэдэн дивиз бригадаас бүрдэх хээрийн хоёр арми буй болгоно гэдгээ ч ОХУ-ын Батлан хамгаалын сайд Сергей Шойгу зарлав.

сонин mn
Ямар ч атугай Оросын хувьд СВО гэдгээ бүрэн хэмжээний дайн болгож зарлаад бүх нийтийн цэрэг татлага явуулах бодит нөхцөл нь Оросын нийгэмд төлөвшсөнийг Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков илээр мэдэгдлээ. “Орос улс дайны байдалд ирсэн. Тусгай ажиллагаа гэж эхэлсэн боловч барууны улсууд оролцсоноос дайны байдал руу шилжиж байна. Украин дахь хэрэг явдал бидэнд одоо дайн болж хувирлаа” гэсэн түүний үгс Москва дахь террорист халдлагын өмнө хэлэгдсэн ба тэгж хэлснээ нотлох мэт Пүрэвээс Баасан гаригт шилжих шөнө Украин руу 90 пуужин, 60 беспилотник-камиказе агаараар илгээж хөнөөн сүйтгэх террорист ажиллагаа өдүүлсан нь анхаарал татна. Дайны хоёр жилд өнгөрөгч 7 хоног хамгийн их хохиролтой нь гэж Зеленский нэрлээд “оросын террористууд янз бүрийн ангиллын 190 пуужин, 140 шахедаар довтолж, дээр нь залуурт 700 бөмбөг хаяжээ” гэв.

Орост бүх нийтийн дайчилгаа эхлэв хэмээн зарлах нь цаг хугацаа асуудал боллоо. Харин “Исламын Улс” нь Крокусын аллагад буруутнаар эргэлтгүй нэрлэгдвэл лалын ертөнцтэй дайтах бас нэг фронт нээх шаардлагатай. ХАМАС, Хуситтэй холбогдоод Москвад урин залаад байсны цаана “Исламын Улс” гэдэг нь Иран, ХАМАС, Хуситынх нь алсын хань хамсаатан (Барууны эсрэг) болоод байж байгааг хэрхэн тайлбарлах бол?

Одоогийн байдлаар Орос-Украины дайны хоёр жилийн түүхэнд хамгийн ноцтой томд орох агаарын пуужингийн террорист халдлагыг Орос 22-ны үүр шөнөөр үйлдэж, Украины эрчим хүчний дэд бүтцийг бөөн хүчээр сүйтгэж, “Укрэнерго”-гийн захирал Владимир Кудрицкийн тэмдэглэснээр Украины эрчим хүчний системд урд хожид үзэгдээгүй өргөн хүрээтэй хохирол учруулжээ. Харьков хот муж хамгийн ихээр хохирч, цахилгаан эрчим хүчний хангамжаасаа салжээ.

Фронтод харьцангуй тогтвортой байдал үргэлжилж, хоёр талаасаа байрлалаа алдахгүй зууралдан байлдсаар. Хохирол Оросын талд хүндхэн буусаар. Гэхдээ ар талаас хангалт зогсохгүй. Зэвсэг сумны их, хүний ихээр л Орос тэсч байна. Хоногтоо алагддаг орос цэрэг, сөнөөлгөдөг танк, хуягт, их бууны тоо буурахгуй. Крымд оросын тэнгисийн цэргийн десантын “Ямал”, “Азов” гэх хоёр том хөлөг онгоцыг харваж сөнөөснөөр Хар тэнгисийн флотод нь одоо хичнээн байлдааны хөлөг үлдээд байгаа нь тун хүнд болов, хоёр 7 хоног оросын цэргийн хөлөг онгоц тэнгист гарсангүй. Крымд Су-27 онгоц гурвыг дөнгөж өчигдөр талбайд нь сөнөөв. Украины агаарт ноёлдог авиацгүй болсон боловч Оросын нутгийн гүнээс тэнгэрээс пуужин харваж аль болох их хохирол учруулан украинчуудыг зовоож, тэвчээрийг нь барж, Киевийн “нацист дэглэм”-ийнх нь эсрэг босгох гэсэн далдын санаа одоо бүр ил цагаандаа гарсан.

сонин mn
Украины геополитик, геостратегийн академийн эрдэмтэн Станислав Желиховский “Армия.Inform” онлайн сэтгүүлд өгүүлэл өгчээ. Орос нь Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдсэн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөр хоёрдугаар “Хүйтэн дайн” өндөрлөж, дэлхийн III дайн эхэлсэн. Тэрхүү III дайн нь орос-украины дайн дуустал үргэлжлэх ба бусад орнууд руу ч халдварлаж магадгүй. Одоо үргэлжилж буй орос-украины дайн бол хэрэг дээрээ дэлхийн III дайн мөн бөгөөд маш хүчтэй гибрид хандлагыг дагуулж байна.

Өнгөрсөн хоёр жилд юу харагдав гэвэл ганц Украин ОХУ-тай зэвсэгт мөргөлдөөнд орсон бус, харин дэлхийн бусад улс орнууд ч ОХУ-тай тийм байдалд байгаа нь харагдав. Бусад улс орнууд Украинд ийм тийм төрлийн зэвсэглэл нийлүүлж байгаа ч бас өөрсдөө Оросын гибрид ажиллагаанд хохирогч болж байна гэжээ.  

Хэдийгээр энэхүү халуун дайнд бусад улсууд татагдан оролцохгүй ч Путин засгийн эрхэндээ үлдэж, тэдгээр орнуудын эсрэг “III Хүйтэн дайн”-аа эхлүүлж мэднэ. Тэгээд 5-8 жил сөргөлдөж байгаад дараа нь НАТО-той ОХУ мөргөлдөөн өдөөж мэдэх юм. Желиховскийн бичснээр бол Украин нь Оросын халдлагыг ганцаараа сөрөн зогсож, тэгнээрээ дэлхий дахин хожсон, тэр цагаас хойш хоёр жил өнгөрчэ. Эрх чөлөөт ертөнц, Барууны бүх иргэншлийг Украин халхлан зогсож чадсан. Олон арван жил дүрэм журамд захирагдсан ертөнцөд аж төрж ирсэн, тэр нь зөв хэмээн үздэг дэлхий дахиныг Украин хоёр жил амар амгалан байлгаж байна. 

Дэлхийн III дайны тухай Желиховскийн үзэл бодлыг дэмжсэн мэт НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр “Харьцангуй энх амар, тогтвортой байдлын эрин үе дууслаа”, “Одоо Баруун нь бүхэлдээ глобал аюулыг сөрөн зогсоход бүх нийгмээ татан оролцуулж, штабын цэргийн удирдлагын стандарт төлөвлөгөөндөө баригдахгүй байх хэрэгтэй” гэв.

Михаил Подоляк мөн иймэрхүү байр суурь илэрхийлжээ. “Хэрэв Орос нь Украин дахь дайндаа ялагдахгүй бол, өөрөөр хэлбэл оросууд Европын янз бүрийн улс орнууд руу элдэв аргаар халдаж эхэлбэл эцсийн эцэст дэлхийн III дайныг тэд л өдөөж таарна” хэмээн анхааруулав. НАТО-гийн адмирал Роб Бауэр Украинд айлчлаад Киевт бункерт хорогдож байх үеийн дурсамжаа ярьж, НАТО-гийн орнууддаа хандан “Украин энэ дайнд ялах шаансгүй гэх гутранги үзлээ таягдан хая, Украин амжилт олно гэдэгт би бүрэн итгэлтэй буцаж ирлээ” гэжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn