1930 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын алтан дагина, Роналдогийн “Алтан бөмбөг” үзэгчдийн нүдийг хужирлаж байна

101


Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. 
Хоёр ч удаа хулгайд алдагдсан “Алтан дагина”, дуудлага худалдаагаар 10 сая ам.долларын үнэд хүрсэн алдарт Марадонагийн алтан медаль, домогт Пелегийн дэлхийн аваргад өмсөж байсан өмсгөл, Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдугийн 21 насандаа хүртэж байсан “Алтан бөмбөг”-ийг Монгол Улсад авчирсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эдгээр үзмэрийг “Шангри-Ла молл”-д олны өмнө дэлгэж, хөлбөмбөг сонирхогчдын нүдийг хужирлалаа.  


Домогт хөлбөмбөг Роналдо 1997 онд 21 насандаа “Алтан бөмбөг” авснаар энэ шагналыг авсан хамгийн залуу хөлбөмбөгчин болж түүхэнд үлдсэн. Харин Монголд ирсэн Пелегийн өмсгөлийг тэрбээр 1958 оны дэлхийн аваргад өмсөж, түрүүлж байснаараа онцлогтой. Тэгвэл Марадонагийн алтан медаль бол 1986 оны дэлхийн аваргынх. Уг медаль дуудлага худалдаагаар 10 сая ам.доллараар одоогийн эзэндээ хүрсэн түүхтэй. Түүнчлэн 1930 оны дэлхийн аваргын цом буюу “Алтан дагина”. Энэхүү “Алтан дагина”-ын эх хувийг Бразилд хулгайд алдсан бөгөөд олдоогүй байдаг. Уг цом хоёр удаа хулгайд алдагдаж байсан юм. Гэвч Англид алдагдахад уг цомыг нохой олж байснаараа түүхэнд үлдсэн байдаг билээ.


Тус эвентийг зохион байгуулагчид танилцуулж буй үзмэрүүдийн талаар “Мексикт зохион байгуулагдсан 1986 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтод домогт хөлбөмбөгчин Диего Марадона багийн ахлагчаар тоглож өнөөдрийн танилцуулж буй медалийг зүүж байсан. Мөн энэхүү медалийг түүний гэр бүлээс нь дуудлага худалдаагаар авсан юм. 1997 онд Бразилын хөлбөмбөгчин Роналдо дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг авахдаа Италийн “Интер Милан” клубт тоглож байсан. “Алтан бөмбөг” шагнал нь дэлхийд хоёрхон байдаг, нэг Роналдод өөрт нь хадгалагддаг. Энэхүү үзмэрүүдийг Италийн музейн компанийн эзэн манай улсад авч ирж танилцуулж байна” хэмээн онцолж байв.


Тэгвэл ховор үзмэрүүдийг үзэхээр Шангри-Лад хөлбөмбөгийн үнэнч фанатууд олноороо цугласан байлаа. Тэд эдгээр үзмэрийн дэргэд зураг авахуулын зэрэгцээ санал бодлоо солилцож, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Аргентиний багийн дэмжигч Ч.Алтан-Өлзий “Гоё байна. Яг юу хэлэхээ мэдэхгүй байна. Цайныхаа цагаар зорьж ирлээ. Марадонагийн алтан медалийг харах зорилготой ирсэн юм. 1990 оны дэлхийн аваргаас хойш Аргентины багийг дэмжиж байна. Цаг хугацаа нь богинохон ч ийм гоё эвент зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье” гэв.


Тус үзмэрүүд өнөөдөр оройн 21:00 цаг хүртэл олны өмнө нээлттэй байх юм.  














скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn