БАЯН-ӨЛГИЙ: Хотон, Хурган нуурын хоолойн гүүрийг ашиглалтад оруулав
Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын гол замуудын нэг болох Хотон, Хурган нуурын хоолойн гүүрийг ашиглалтад орууллаа. Тус хоолойн 2003 онд барьсан 105 метр урттай модон гүүр нь өнгөрсөн зургаадугаар сард гол үерлэх үеэр зорчих хэсэгтээ усанд урсаж, цаашид ашиглах боломжгүй болсон. Үүний улмаас Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээг зорих гадаад, дотоодын аялагчид болон энэ нутагт зусдаг Цэнгэл сумын 5 дугаар багийн иргэдэд хүндрэл учраад байлаа.
Уг асуудлыг орон нутгийн удирдлага, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, долоодугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эвдэрч сүйдсэн гүүрийг шинээр барих шийдвэр гаргасан. Тус ажилд зориулж Засгийн газрын нөөц сангаас 545,6 сая төгрөг хуваарилсан байна. Гүүрийн барилгын ажлыг орон нутгийн "Асгант кент" компани гүйцэтгэв. УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият нар энэ сарын 7-ны өдөр холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт газар дээр нь ажиллаж, шинэ гүүрийг нээлээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн нутгаар гадаад, дотоодын 28 мянга орчим аялагч аялсан. Үүний 85 хувь нь Алтай таван богд уул болон дээрх гүүрээр дамжин Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээг зорьжээ.