М.Пенс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэхээ шийдээгүй байна
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа талаараа“CBS News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. “Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх тал дээр эхнэр бид хоёр нухацтай хандаж байгаа” гэж М.Пенс хэлсэн байна. Тэрбээр мөн БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд нэрээ дэвшүүлээд байгаа Никки Хейлигийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлжээ. Н.Хейли өмнө нь мэдэгдэхдээ, 75-аас дээш насны нэр дэвшигчид сэтгэцийн эрүүл мэндийн сорил өгөх ёстой гэсэн юм.
“Америкийн ард түмэн энэ талаар сонголтоо хийж чадна гэж би бодож байна. Олон жилийн турш тасралтгүй үргэлжилж буй манай улсын түүх америкчуудын цэцэн цэлмэг, саруул ухаан,ухаалаг шийдвэр гаргах чадварыг дахин дахин нотолсоор ирсэн билээ” гэж тэрбээр хэлжээ. Сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажил үүргээ гүйцэтгэх оюуны болон бие бялдрын чадварын талаар санал бодлыг нь асуухад “Ерөнхийлөгч Байдены хувьд асуудал бол манай улсын дотоодод төдийгүй гадаадад баримталж буй бодлого нь бүтэлгүйтсэн явдал шүү дээ” гэж хариулсан байна.
М.Пенс мөн Ерөнхийлөгч асан Дональд Трампын хэргээр шүүхэд мэдүүлэг өгөх тусгай прокурорынзарлан дуудахбичгийг эсэргүүцсэн шийдвэрээ зөв байсан гэж мэдэгджээ. “Мөр зэрэгцэн ажиллаж байсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхийг дэд ерөнхийлөгч байсан хүнээс шаардана гэдэг нь байж боломгүй зүйл, тэр ч бүү хэл энэ бол Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг гэж би бодож байна” гэж М.Пенс хэлээд ярилцлагаа өндөрлөсөн байна. Ташрамд сануулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Меррик Гарланд Ерөнхийлөгч асан Д.Трампын хэргийг мөрдөх шалгах тусгай прокуророор Жек Смитийг томилсноо мэдэгдсэн билээ.