Хутагт, хувилгаадын хойд дүрд итгэдэг гэнэхэн тэнэглэлд хэн, хэзээ цэг тавих бол оо?

297

“Хүмүүн төрөлхтний хувьсал, хөгжлийн түүхийн эрин нэг бүрд нэгэн их хүмүүн төрж бүгдийг залж, жолоодож ирсний анхдагч нь Их эзэн Рама байв. Удаах эринд нь аугаа бурхан Кришня, харин гуравдагч эриний их хүмүүн нь Будда болой” хэмээн Энэтхэг Жагарын Ариун шаштирд өгүүлдэг. Энэ үзэл санаа Ази тивийн хэдхэн улс оронд тархан ноёрхжээ. Монголчууд гэхэд л мянга орчим жилийн туршид мөнхүү үзэл снаааны хожуу цагийн нөлөөн дор оршин байв.  
Хүмүүс өөрсдөө аугаа их бурхадын тухай домог зохиож, түүндээ итгүүлдэг арга, технологийг буй болгож, мухар сүсэгт автамтгай хүмүүст сурталчилж, итгүүлж чадсан нь тус тус том шашин болон хөгжжээ. Бүх том шашны гарал, үүсэл яг л ийм байдаг. Ертөнцийн эзний тухай домог, Аллахын талаарх домог, Будда бурхан болон хувирсан тухай домог мэтийг үнэн гэж нотлох, бас худал гэж үгүйсгэхэд хэцүү нь үнэн. Энэ байдалд дөрөөлөн, дээр нь сүм хийдүүдийн нөлөө, нэр хүндийг ашиглаж, бас мухар сүсэг сохор бишрэлийн хүчинд дулдуйдан, мөн аугаа их бурхад, хүчтэнгүүдийн таалал, нигүүсэл, ид шидэд итгүүлэх аргаар л бүх шашин хийгээд жижиг шашинцрууд оршиж байдаг. 
 
Бүхнийг бүтээх увдистай дээд эзэд, хүчирхэг бурхад, диваажин ба там, хойд нас, буян нүгэл, хувь тавилан, урд төрөл мэтийн хийсвэр ойлголт нь хүмүүсийн бишрэл, төсөөллөөр буй болж, хүн төрөлхтний түүхийн явцад улам бүр газар авч тархсаар өнөдрийг хүрчээ. Хүмүүс зуунаас зуунд ухаажиж, гэгээрсээр ирсэн атлаа шашны хуурамчлалаас салж чадсангүй нь бас нэгэн үнэн юм. 
 
Дүрсэлж, товчилж хэлэх аваас шүтэж, дээдэлж ирсэн шашин суртлаа “гарын арван хуруу шигээ мэддэг, ойлгодог” хүн нийт сүсэгтэн олны 10 хувьд ч хүрдэггүй ажээ. Сүсэгтнүүдийн 95 орчим хувь нь үндсэндээ л дуурайгчид, даган баясагчид, мухар сүсэгтнүүд байдаг. Гэхдээ тэдний итгэл, бишрэл нэн хүчтэй, тооцох, хүндэтгэн үзэхээс өөр аргагүй хэмжээнд байдаг нь гайхшрал төрүүлдэг. Айх, сүрдэх, бишрэх төрөлх сэтгэлзүй, инстинктэй нь холбоотой болох учир мухар сүсэг нь ойлгож таньсан үзэл, ухамсраас ч илүү их хүчтэй, нөлөөтэй байж чаддаг. Мэддэг аюулаас үл мэдэх аюул илүү их түгшүүр төрүүлдэг гэдэг дээ...
Айж, эмээж ирсэн бүхнийг, мөн Аллах, Христосыг ч орхиод зөвхөн л шүтэж, биширч ирсэн гуравхан амьд бурхан хэмээгдэгчдийн тухай товч өгүүлье. Энэ бол яг хэрэг дээрээ бидний мэдэх 33 хувь хүний асуудал, хувь заяаны талаарх эргэцүүлэл юм. 14 далай лам, 10 банчин эрдэнэ, 9 богд гэгээний тухай яриа, танилцуулга, хүндэтгэл, харамсал гэсэн үг. Эдгээр хүмүүнийг бид зөвөөр ойлгох, шударгаар үнэлэх, эгэл бус тавиланг нь өрөвдөж хандах учиртай. Тэд өөрсдөө хүсэж ийм амьдралыг сонгож аваагүй. Өөрийгөө болон орчноо үл ойлгох балчир насанд нь тэднийг ийм зам дээр хүмүүс түлхэн гаргажээ. Тэдний олонхид нь чөлөөт амьдрал ч байсангүй, хань ижил, үр хүүхэд ч байсангүй. Хүн болж төрөх ховор нандин хувь заяаны эзэн болсон атлаа эгэл хүмүүний чөлөөт амьдрал, өнөр өтгөн гэр бүлийн амьдрал, хүү охин, ач зээгээ үзэх амьдын жаргал, удам хойчсоо гэх элбэрэл, халамж зэргээс хол хөндий байсаар насыг элээх нь үнэндээ бол ял шийтгэл гэхээр үзэгдэл юм. Төвдийн иргэн болж төрсөн хэдэн мянган хүн ийм зам дээр түлхэгдэн гарч шашны хуурамчлалын золиос болсон бол оо? Энэний хариуцлага, ял, нүглийг хэн хэн үүрэх ёстой вэ? Ийм хуурамчлалыг бодож олсон, анхлан хэрэгжүүлсэн этгээд “тамд тарчилж байгаа болов уу?, диваажинд жаргаж суугаа болов уу?” Энэ асуултанд хэн хариулах үүрэгтэй болж байнаа?  
Тэдний олонхи нь харамсмаар богино насалжээ. Жишээ нь VI Далай лам 23, IX Далай лам 10, X Далай лам 21, XI Далай лам 18, XII Далай лам 18 насалсан байна. 1391-1933 оны хооронд амьдарч байсан Далай лам нарын дундаж наслалт 44 байлаа.
 
Төвдөд тодорч Монголд залагдан ирж байсан Жавзандамба хутагтын нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гуравдахь нь 19-тэйдээ хорвоог орхижээ. Төвдөд тодорсон 6 хутагтын дундаж нас 20, нийт 8 дүрийн дундаж нас 35 байжээ... Тэдний дийлэнх олонхи нь хүүхэд насандаа хүүхдийн хөдөлгөөнт амьдралаар ч амьдарч чадаагүй. Шашны томоохон зан үйлд оролцож, удаан сууж, олон хүнд адис хүртээж, арц хүжний утаагаар амьсгалж, яс болон булчин мах нь хатингиршиж, бүрээ бишгүүр, хонх дамрын их нүргээнд сонсгол нь муудаж, элдэв согогийг олсоор байжээ. Энэ бүхэн нь тэдний богино насны шалтгаан юм. Богд гэгээний хойд дүрүүдийн тухайд бол Төвдийн өндөрлөгийн цаг агаар ба Монголын цаг агаарын ялгаа, хоёр орны хүнс тэжээл, ус, өвчин халдварын ялгаа, зөрөө ч ихээр нөлөөлжээ.
 
х               х               х
 
Бурханы шашин, Буддын шашин, Буддын сургаал, гүн ухаан гэх нэрүүдийн дор Төвдийн ламын шашин (шарын шашин) хуурамчлал, луйвар, бизнес болж хувирчээ. Яг ийм шинж, байдал, нүүр царайгаараа Монголд дэлгэрсэн байна. Буддагийн сургаал, номлол нь өөрийн нь амьд ахуйд шашны элдэв хуурамчлалаас хол, хүмүүсийг аливаа гэм нүглээс чөлөөлж ачлал, буяны замд хөтлөн оруулах, гэгээрүүлэх зорилго ба шинжтэй байв. Өөрөөр хэлбэл Буддагийн сургаал, номлол нь мухар сүсэг, сохор итгэлийг биш гэгээрэл, нигүүслэл, ач буян, үнэний зам, мөрийг сурталчилж байжээ. Будда өөрөө энэрэнгүй үзэлтэн, соён гэгээрүүлэгч, үнэнийг эрэлхийлэгч, чин шударгыг эрхэмлэгч, бурангуй бүхэнтэй тэмцэгч байсан нь үнэн юм. Буддагийн үзэл, сургаал, нэр хүндийг ашиглаж Бурханы шашин хөгжиж, дэлгэрчээ. Ихэд шашинжсан тэр хэлбэрээрээ Төвдөд тархаад бүр мухар сүсэг, сохор итгэлийг үүдэгч, сүсэгтэн олныг мунхруулагч, мөлжигч болж хувирчээ. Ид шид, урд хойт төрөл, хутагт хувилгаад, тэдгээрийн хойд дүрүүд, тарни шившлэг, сахиус, адистэд, заяа төөрөг, мэнгэ суудал мэтийн олон олон хуурамчлалыг ашиглан сүм хийдүүд, том лам, мяндагтангууд хөрөнгөжиж, шашны зан үйл, үйлчилгээ ч өндөр өртөгтэй болсоор байлаа. Төр ба шашин сүжрэн холбогдож, харилцан тэтгэлцэж, нэг нь нөгөөгөө дэмжиж, хамгаалж, алдаршуулж байх болжээ.
 
Төвдийн төр, шашны томчууд бурханы шашныг бусад орон руу экспортлох өөрийн гэсэн уран нарийн арга, технологитой болцгоосон байна. Тийм арга, залийн нэг нь сүсэгтэн олонд хүндлэгдсэн, өндөр нэр төртэй болсон лам нарын (хутагт, хувилгаадын) хойд дүрийг хуурамчлан тодруулж өргөл, барьцын их урсгалыг урьдын адил хэвээр нь хадгалах (сүсэгтнүүдийг мөлжих) том луйвар, хуурамчлал юм. Чухамхүү ийм арга, технологийн золиос, утсан хүүхэлдэй болгож бага насны хөвгүүдийг ашиглаж байжээ. Хэн нэгний хойд дүрээр тодорсон гэх балчир хөвгүүд өөрийн эрхгүй л хутагт, хувилгаадын дүрд бүх насаараа тоглох тавилантай болчихож байв. Тэгэхдээ Далай ламын удаах дүрийг Банчин лам тодруулдаг, Банчин ламын дараах дүрийг Далай лам тодруулдаг байлаа. Шарын шашны нэг ба хоёрдугаар хүмүүс болох учир өөртөө тааламжтай хувилбарыг сонгон авах боломжийг тийнхүү олгож иржээ. Харин Жавзандамба хутагтын удаах дүрийг тодруулахад Далай лам, Банчин лам хоёулаа оролцож Монголын талаас ихээхэн бэлэг, шагнал авч байжээ. Шинээр тодорч байсан хөвгүүдийн ихэнх нь энэ хоёр эрхмийн төрөл садан, хамтран зүтгэгсдийн гэр бүлээс “арын хаалгаар” “сонгогдож” байсан нь ч нууц биш юм. Монголын сүсэгтэн олон ийм арга, залийн тоглоом болж байснаа өнөөдөр ч гэсэн бүрэн гүйцэд ойлгоогүй янзаараа л байгаа нь өрөвдмөөр санагддаг. Нас барсан хүн хэн ч байсан жилийн дараа л хаа нэгтээ (ихэвчлэн Төвдөд, төр шашны нь томчуудын нь хүрээнд) эргэж төрдөг, дахин мэндэлдэг, бүр өмнөх төрлийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ч таньдаг учир ер үгүй гэдгийг өнөөдөр амьд мэнд яваа найман тэрбум хүний лав л дийлэнх олонхи шууд хэлэх, гэрчлэх бизээ. Гэтэл монголчууд бид хуучин янзаараа итгээд л, залбираад л, тэднээс аврал, ивээл эрээд л, адис хүртээд л байцгааж байна шүү дээ! 
Урт насалж, олныг үзэж, шашны үүсэл, оршил, ач холбогдлын талаар ч үнэн мэдлэг, мэдээлэлтэй болчихсон XIV Далай ламтан Төвдөөс эхлэлтэй зарим зарим хуурамчлалд цэг тавих болов уу хэмээн найдах юм. Энэ хүн 88 насныхаа өндөрлөгөөс өнгөрснийг, өнөөг, бас ирээдүйг мөн ч сайн ойлгож, үнэлж, хэрхвээс зохихыг аль хэдийнээ товлочихсон байх ёстой доо...
 
х               х               х
 
Үнэн, худлыг нь шалгах, тогтоох боломжгүй зүйлүүдийг ашиглаж хүмүүст сүсэг, бишрэл төрүүлэх аргыг том жижиг бүх шашин ашиглаж байжээ. Ертөнцийн эзэн байдаг үгүйг тогтоох боломжгүй. Хамгийг чадагч хүчирхэг бурхан Аллах байдаг эсэхийг шалгах, нотлох боломжгүй. Диваажин болон Тамд очоод, үзээд ирсэн гэх хүн бас үгүй. Хойд нас, урд нас, төрсөн од, жил, мэнгэ, суудал, сахиус гэх мэт хийсвэр ойлголтуудын учрыг ойлгоход ч бэрх, мухар сохроор дагахаас өөр аргагүй. Ингэхлээр бүх шашин бүгд л элдэв хуурамчлал дээр суурилдаг ажээ. Дээд тал нь 80, 90 наслаад хүмүүс бүгд алга болдог, шинэчлэгддэг болохоор шашны хуурамчлалууд нь яг үнэн зүйл мэтээр үр хүүхдэд нь автоматаар шилжин өвлөгдсөөр байжээ. Шашны бүх гол зүйлүүд нь нууц, таавар, таамаг мэт, нотлох ба үгүйсгэх боломжгүй, гэхдээ айдас ба түгшүүр, сүсэг ба бишрэл төрүүлэхээр байдагт нь хүмүүс өөрийн эрхгүй автагдсаар, сөхрөн, мөргөн, залбирсаар иржээ.
 
х               х               х
 
Төвд харьцангуй биеэ даасан улс орон байсан үед Далай лам, Банчин лам нар Төвдийн төр, шашны ашиг, сонирхлыг хэрэгжүүлж, бусад орон руу шашин суртлаа экспортолж, Лхасыг эргэл мөргөлийн том төв болгож, шашны холбогдолтой бараа таваарыг (судар ном, бүрээ бишгүүр, бурхадын хөрөг зураг, баримал, хонх, дамар, арц хүж, эрих, хадаг гэхчилэн) ихээр борлуулж ашиг олж байжээ. Харин Төвд орон Манж, Хятадын эрхшээлд бүрэн орсноор Далай лам ба Банчин ламын зарим дүр эзэн орныхоо ашиг сонирхолд ил, далд үйлчилж, колонийн бодлогыг нь дэмжих, хамгаалах болсон түүхтэй. Нэг л баримт дурдая. IX Банчин эрдэнэ (Эрдэнэ – Манжийн Энх-Амгалан хаан 1713 онд V Банчин ламд өгсөн цол) Төвд болон Монголыг Хятадын муж хэвээр үлдээх бодлогод үйлчилж 1923 онд Богд хаант Монгол улсад ирж Гоминданы засгийн газрын бодлогод дэм үзүүлэхийг оролдож, 1937 он хүртэл мөнхүү байр сууриа баримталсаар байжээ. Тэрээр Далай ламтайгаа ч зөрчилдсөөр насан өөд болжээ. XIII Далай лам Төвд орныхоо тусгаар тогтнолын төлөө шантралгүй тэмцэж, Монголын тусгаар тогтнолыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. XIII Далай лам 1933 онд таалал төгссөнөөр тэдний зөрчил дуусгавар болжээ. 
IX Банчин богдын санаачилга, томилолтоор VIII Богд гэгээний номын багш гэх нэрээр төвд лам Ёнзонхамба Лувсанхаймчигийг 1915 онд Да Хүрээнд ирүүлжээ. Энэ үед Богд гэгээн 46 настай байв! Лувсанхаймчиг бол үнэн хэрэгдээ IX Банчин богдын бие төлөөлөгч, Монголд суулгасан туршуул, Хятадын төр болон Төвдийн шашны ашиг сонирхолд үйлчлэгч нууц ажилтан байв. 1920 онд түүнийг Богд гэгээн Да Хүрээний 21 дэх их хамбаар өргөмжилж нэр, нөлөөг нь өндөржүүлжээ. Богд гэгээн нас барсны дараа IX Банчин богд өөрийгөө Богд гэгээний сэнтийд залуулах оролдлогыг Лувсанхаймчигийг ашиглаж хийж байлаа...Монгол орон, монголчууд бол Төвдийн хар, шар ихэс дээдсийн хувьд “сүү ихтэй саалийн үнээ” байв. 
Гэхдээ тэд Монголын сүсэгтэн олонд удаа дараа ихээхэн хор хүргэж, хохирол учруулжээ. Улаан малгайтан ба шар малгайтны хоорондох зөрчилд монголчууд татагдан орж олон мянган цэрэг эрсээ хөнөөжээ. 1932 оны бослогын үеэр 6 мянга гаруй хүнээ, энэний уршиг, үр дагавраар 1937 оны үесэд мөн олон мянган хүнээ хөнөөж 100 гаруй сүм хийдээ нурааж сүйтгэжээ. Энэчлэн тоочих аваас, мөнгөөр үнэлж дүгнэх аваас биет болон биет бус хохирлын хэмжээ хэний ч нүд орой дээрээ гарахаар их нь үнэн болно. 
 
 
Төвдийн ламын шашны хорлол, нөлөөгөөр Лхасын ойролцоо монголчууд монголчуудаа хядсан, 1932 онд лам нарын бослогын үеэр бас л монголчууд монголчуудаа хядсан, 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлтийн үед ч монголчууд монголчуудаа хядсан, Галдан бошгот ба Занабазарын зөрчлийн үед ч монголчууд монголчуудаа хядсан баримтууд юу өгүүлж байна вэ? Төвдөөс дэлгэрсэн шарын шашин нь монголчуудыг эв нэгдэлтэй болгосон бус харин эвдрэлцүүлж, алалцуулж байжээ дээ? Ингэж л хагарч, талцаж, хоорондоо байлдсаар байгаад монголчууд цөөрч, доройтож, Манжийн эрхшээлд орсон, Хятадын мөлжлөгт ч автсан, бас Хаант Оросын түүхий эдийн бааз, бамбай болж хувирсан. Энэ бүхэнд Төвдийн төр, шашны хор ихтэй зөөлөн бодлого, номхотгогч нөлөө, оюун санааны боолчлол том үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн. Будда амьд сэрүүн байсансан бол “Төвдөөс Монголд дэлгэрсэн шарын шашин нь миний номлол, сургаалтай ер холбоогүй, бараг л эсрэг нь шахуу” гэж хэлэх байсан болов уу.Буддизм, бурханы шашин, буддын гүн ухааны хиртэж, бохирдоод төрөл арилжсан хувилбар нь Төвдийн ламын шашин. Манай телевизүүдээр үзүүлсээр байгаа “Бурхан багш” олон ангит киног хоёр дахин бүрэн үзсэний дараа надад мөн иймэрхүү бодол төрсөн юм. Олон ангитай уран сайхны кино хүртэл ингэж бодох, дүгнэхэд хүргэж байгаа нь юу өгүүлнэ вэ? Буддагийн эх орон нэгтнүүд, элэг нэгтнүүд, оюунлаг сэхээтнүүд нь (XXI зууны өндөрлөгөөс!) энэ киног бүтээсэн юм шүү дээ. Тэдний өгүүлж, үзүүлж байгаа бүхэнд үнэний хувь өндөр байх учиртай биш гэж үү? Энэ киног лам, харгүй бүгд үзэцгээгээрэй. 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn