Жилд 450 мянга орчим арьс, шир үнэгүй хаягдаж байна
Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 900 мянга гаруй арьс, шир бэлтгэснээс 450 мянга нь үнэгүй хаягдсан гэсэн тооцоог судлаачид гаргажээ. Энэ нь зах зээлд арьс, ширний үнэ доогуур байгаатай холбоотой аж. Судлаачдын тооцоолсноор тус аймаг 2030 он гэхэд 1,4 сая арьс, шир бэлтгэх төлөвтэй байгаа. Хэрвээ орон нутагт арьс, шир боловсруулах анхан шатны үйлдвэр барихгүй бол үнэгүй хаягдах тухайн төрлийн түүхий эдийн хэмжээ 800 мянгад хүрнэ гэдгийг тэд анхааруулж байна.
Харин үйлдвэр барьсан тохиолдолд жилд 700 мянган арьс, шир боловсруулж, аймгийн хэмжээнд 950-1100 ажлын байр бий болох боломжтой юм. Ташрамд, Өлгий хотод түүхий эдийн ченжүүд одоо иргэдээс хонины арьс худалдаж авахгүй байгаа бөгөөд зөвхөн өлөн гэдэс нь 3000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ байдал сүүлийн 5-6 үргэлжилж байгаа хэмээн тэд хэлж байна.