Хятад, Арабын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

300

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 7-10-нд Саудын Арабт төрийн айлчлал хийж, Хятад-Арабын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон Хятад-Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын уулзалтад оролцжээ.
Ойрхи Дорнодын бүс нутаг нь дэлхийн нефть, байгалийн хийн голомт учраас дэлхийн эдийн засаг, геополитикт чухал нөлөөтэй байсаар ирсэн. Дэлхийн эдийн засагт уналтын  нүүрлэж, Орос Украины дайнаас шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ тэнгэрт хадан буй энэ үед Ойрхи Дорнод дахь Арабын орнуудтай харилцаагаа нягтруулах нь Хятад улсын хувьд улс төр, эдийн засаг, геополитикийн чухал ач холбогдолтой нь гарцаагүй юм.
 
Тэгвэл Хятад болон Арабын холбооны орнуудын анхдагч дээд хэмжээний уулзалт болсноор хоёр талын харилцаа шинэ шатанд гарч байна. Сүүлийн жилүүдэд Хятад Арабын стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа нь байнга шинэчлэгдсээр ирсэн ажээ. 
 
Хятад улс болон Арабын орнууд 2000 гаруй жилийн өмнө эртний торгоны замаар харилцаж байсан урт удаан хамтын ажиллагааны түүхтэй.
2014 онд Ши Жиньпин Хятад Арабын хамтын ажиллагааны сайд нарын 6 дахь форумын нээлтэд хоёр талын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай санаачилга дэвшүүлсэн байдаг. 2016 оны нэгдүгээр сард Хятадын Засгийн газар Хятад Арабын орнуудын хоорондох бодлогын анхны баримт бичгийг боловсруулж, хоёр талын хамтын ажиллагааны гол салбар болон тэргүүлэх чиглэлийг тогтоож, Арабын 12 оронтой хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түнш болцгоосон юм.
 
2010, 2011 онд гадаадын зарим хүчнүүд ардчиллаар бамбай хийж, Арабын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоноор, дотоодод нь улс төрийн эмх замбараагүй байдал бий болгож,  нөхцөл байдал хэцүүдэж байв. Тухайн үед Хятадын Засгийн газар Арабын түнш орнуудынхаа тогтвортой байдлыг тууштай дэмжиж байсан гэж өөрсдөө үздэг. Тодруулбал Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах, Палестин Израилийн асуудлыг зохицуулах хоёр орны төсөл зэргийг дэвшүүлж байв. Харин Арабын орнууд Тайвань, Шинжаан, Хонконг зэрэг асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн юм.
Эдийн засгийн хувьд хоёр тал маш их хамтран ажиллах боломжтойн  дээр ажил хэрэгч хамтын ажиллагаа нь ч байнга хөгжиж байна. Ялангуяа “Бүс ба зам”  санаачилгын хувьд Арабын 20 гаруй улс орон Хятад улстай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, эрчим, хүч, дэд бүтцийн салбарт 200 гаруй мега төсөл хэрэгжүүлсэн юм. Эдүгээ хөл бөмбөгийн ДАШТ болж байгаа Катар улсын спортын төв цэнгэлдэх хүрээлэн - Лусайл ордон зэрэг цогцолборыг байгуулж өгсөн, Египетийн шинэ нийслэлийн төвийн бизнесийн дүүргийг Хятад улс барьж өгч байгаа зэргийг дурьдахад л хангалттай. Зөвхөн 2021 он гэхэд Хятад Арабын харилцан оруулсан хөрөнгө 27 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 330 тэрбум 300 сая ам доллар болжээ. Мөн 2013 оноос хойш Хятад улс Арабын орнуудад нийт 25 мянган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгсөн бөгөөд 11 мянган оюутныг өөрийнхөө Засгийн газрын тэтгэлгээр сургасан байна.
 
Г.Бямба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn