Хүнсний хувьсгалыг дэмжиж, дотоодоосоо хангана

342

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн Баян-Өлгий аймагт үргэлжилж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллав. 
 
Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын 1280 гаруй жижиг, дунд аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд 13 сумын нийт 200 гаруй хүн оролцож, 25 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. 
Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид “Хүнсний хувьсал”хөдөлгөөнийг дэмжиж, дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээ хангана гэдгээ илэрхийллээ. 
Б.Нургулан: Баян-Өлгий аймаг сүүлийн 30 жилд анх удаа төмсний хэрэгцээгээ хангаж чадсан 
“Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Б.Мухамед, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, мөн ИТХ, сумдын Засаг дарга болон 13 сумын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 
“Баян-Өлгий аймагт үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 90-ээс дээш хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгч байдаг. 2022 онд газар тариалангийн хувьд дэвшилтэй ажиллаж, сүүлийн 30 жилд анх удаа аймгийн төмсний хэрэгцээ хангаж чадсан. Өмнөх онтой харьцуулбал тариалалтын талбай 100-аад га-гаар нэмэгдээд байна. Өнгөрсөн онд 6800 гаруй тонн ургац хураан авсан бол энэ жил 7400 орчим тонн ургац хураан авсан. 2024 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон орон нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг ургуулах боломжтой талбай 600 га-гаар нэмэгдэж байгааг” аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан онцоллоо.
Түүнчлэн хүнсний ногооны хураалт 20 хүрэхгүй хувьтай байна. Иймд ирэх 4 жилийн хугацаанд 35-40 хувьд хүргэх зорин тавин ажиллаж байгааг дуулгалаа. 
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн хүрээнд олгож буй зээлийн талаар танилцууллаа
Зөвлөгөөний үеэр “Жайка” жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр төслийнхөө талаар танилцуулсан юм. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл нь анх 2006-2010 онд эхэлсэн. Нэгдүгээр үе шат 25 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжсэн бол 2 дугаар үе шат нь 50 орчим сая ам.долларын эх үүсвэртэй хэрэгжиж, 2015 оноос эргэн төлөлтийн хуримтлалын сангаас өнөөдрийг хүртэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгож байна.
Энэхүү зээл нь: 

1.    Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, тэдгээрийг хөгжүүлэх
2.    Монгол Улсад ядуурлыг бууруулах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх
3.    Байгаль орчныг хамгаалах
4.    Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон төсөлд хамтран ажиллаж байгаа банкнуудыг чадавхжуулах зорилготой. Энэ хүрээнд сар бүрийн 15-ны өдөр Япон-Монгол төвд чадавхжуулах сургалтад хамруулдаг” гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn