БАЯН-ӨЛГИЙ: Дотуур байрны сурагчдын сандал, ширээ тохиромжгүй, хүрэлцээгүй байна

249
"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслээс ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж, үр дүнг нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт өчигдөр танилцууллаа. Хөндлөнгийн үнэлгээний зорилго нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/476 тоот тушаалаар баталсан "ЕБС-ийн орчин дахь  Хүүхэд хамгааллын бодлого"-ын хэрэгжилт, үр дүн, үр нөлөөнд хөндлөнгийн үнэлгээ хийж, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг судлан дүгнэлт, зөвлөмж, санал боловсруулах аж.

Судалгаанд Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн 22 сум, Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүргийн нийт 34 сургуулийг хамруулжээ. Хөндлөнгийн үнэлгээний санал асуулгад 572 багш, 2 695 сурагч, 1 864 эцэг эх оролцсон байна. Хөндлөнгийн үнэлгээгээр сургуулиудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө байхгүй, хүүхэд хамгааллын бодлогыг сургуулийн онцлогт тохируулан боловсруулаагүй, бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж үнэлэхэд олон талын бодит оролцоог хангаагүй, сургуулийн бусад баримт бичигтэйгээ уялдуулаагүй, 3 эцэг эх тутмын нэг нь бодлогыг ойлгоогүй, “сургууль, дотуур байранд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж хүүхдийн эрхийг хангах” зорилтын хэрэгжилт хангалтгүй хэмээн дүгнэжээ.
 Жишээлбэл,  дотуур байрны асуудлыг сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын нэг хэсэг бус салангид байдлаар үзэж дотуур байрны багшид даатгасан, захирал, нийгмийн ажилтан анхаарахгүй орхисон, дотуур байрны орчин, аюулгүй байдал хангалтгүй, гаднах гэрэлтүүлэг, камержуулаагүй дотуур байр байсаар байна хэмээн тайланд дурдсан байна. Мөн судалгаанд оролцсон суралцагчдын 27 хувь нь дотуур байранд амьдрах дургүй, талаас илүү хувь нь сандал ширээ тохиромжгүй, хүрэлцээгүй, дотуур байрны багш нараас үл хайхрах, сэтгэл санааны дарамт болон бие махбодын шийтгэл илүү авдаг хэмээн хариулсан аж. Иймд хөндлөнгийн үнэлгээ хийсэн байгууллагын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, сургуулиудад "ЕБС-ийн орчин дахь Хүүхэд хамгааллын бодлого"-ын хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж хүргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn