БАЯН-ӨЛГИЙ: Орон сууцны хангамж төлөвлөсөн түвшнээс 2 дахин бага байна
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод өнөөдрийн байдлаар 67 нийтийн орон сууцыг ашиглаж байна. Эдгээр нийтийн орон сууцуудад 1521 айл буюу 7600 хүн амьдардаг. Энэ нь хотын нийт хүн амын 19.3 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг гэсэн үг юм. Түүнээс гадна 1550 гаруй амины орон сууц /хаус/-д 7130 иргэн оршин сууж байна.
Одоо аймгийн хэмжээнд 171 айлын 9 орон сууц шинээр баригдаж байгаа ба бүгд 2022-2023 онд ашиглалтад орох юм. 2014 онд баталсан Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2020 онд гэхэд 25998, 2030 онд 31248 иргэн орон сууцанд амьдарна гэж төлөвлөжээ. Гэвч өнөөдрийн байдлаар орон сууцны хангамж төлөвлөгөөнөөс 2 дахин бага байна.
Орон сууцны хангамж тааруу байгаа нь аймгийн төвд орон сууц барих газар байхгүй, газар чөлөөлөх асуудал хүндрэлтэй, барилгын материал, орон сууцны м2-ын үнэ өндөр, мэргэжлийн инженер, баг ажилчдын хангамж дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Мөн цаашид инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг нэмж барих, засварлах, хүн амын өсөлтийг даган хотын авто зам, зарим гэр хорооллыг дахин төлөвлөх, цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай ажээ.