Судлаачид урианхай түмнийг монгол туулийн гол голомт гэж үздэг

267

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 6 орчим хувийг урианхай түмэн эзэлдэг. Харин урианхайчуудын нэрийн хуудас болсон гайхамшигтай өв соёл бол тууль хайлах уламжлал билээ. Судлаачид урианхай түмнийг монгол туулийн гол голомт, энэхүү гайхамшигтай соёл уламжлалыг өвлөн тээгчид хэмээн үзэх нь ч бий. Урианхайчуудын дунд Баянцагаан өвгөн, Бүжин даваа хаан, Хүрэл алтан дөш, Хүдэр мөнгөн тэвнэ, зул алдар хаан, Уян мөнгөн хадаасан, Талын хар бодон, Баатар хар Жандал, Үүлэн тив, Алтан товч, Луузан тив хаан, Довон хар бөх зэрэг олон арван тууль уламжлан ирсэн байна.

Зарим туулийг тусгай дэг жаягтайгаар онцгой чадвартай гарамгай туульчид хайлдаг аж. Жишээлбэл, Хан харанхуйг хайлахдаа гэрийг өрхийг бүтээж, хаяаг манан, зүүн хаяагаар бага зэрэг гэрэл тусахаар сөхөж, зөвхөн шөнө дөлөөр хайлдаг ёс жаягтай. Туулийг гол төлөв өвлийн урт шөнөөр хайлдаг бөгөөд тууль хайлуулж буй өрх туульчийн товшуурыг тусгайлан залан ирж, арц хүжээр ариусган хонуулаад тууль хайлуулдаг байна. Тууль хайлуулах нь тухайн айл тэр жилдээ элэг бүтэн, амар амгалан байхыг бэлгэддэг.

Урианхайн туульсын ноён оргил нь Алтайн магтаал юм. Түүний гол утга санаа нь эх нутгаа магтан дуулж, баян тансаг байдал, ач ивээлийг нь өргөмжлөн дээдлэхэд оршино. Түүнчлэн Алтайг магтах явдал нь байгаль эзэнгүй биш, ямагт эзэнтэй байдаг, энэ эзэдтэй хүмүүс бид харьцдаг, тэд бидний амьдралд нөлөөлдөг гэсэн ойлголт дээр үндэслэдэг байна.

Алтайн магтаал нь гарал үүслийн хувьд маш эртнийх учраас зөвхөн соёл урлагийн чанартай биш, хүмүүс байгальтай харьцан зохицох, байгалийг захирдаг ер бусын эздээс хишиг гуйж, ямар нэгэн ашиг гаргах, эдгээрийн уур хилэнгээс өөрсдийгөө хамгаалах явдлаас үүсэлтэй хэмээн судлаачид үздэг байна. Урианхайд З.Жилхэр, Д.Чойрог, Ш.Буян, Б.Авирмэд, Б.Уртнасан, Д.Наранцогт, Эрдэнэцогт зэрэг нэрт олон туульч байв. Сүүлийн үед тууль хайлах хүмүүсийн тоо цөөрч байгааг нутгийн иргэд хэлж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn