Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт хилийн боомтуудыг авто замаар холбох ажлууд эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд 25.8 км авто зам баригдаж байгаа юм. Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай хэдий ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрстэй учраас ирэх зун зам барилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдрэх магадлалтай аж. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт Буратын даваан дээр суурилуулж байгаа хөргөлтийн тоног төхөөрөмж хийх шаардлагатай болжээ.
Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар хүүхэд гэмтэх зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08у/м төмөрбетон гүүр барьж байгаа юм. Харин Ховд гол дээгүүр гарч байгаа 200 орчим урт метр гүүр босоо багануудын цутгалтын ажил хийгдсэн боловч дам нуруугаа огт хийгээгүй байна.
Баян-Өлгий аймагт баригдаж буй автозамын бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орсноор Монгол руу импортын ачаа тээвэр орж ирнэ гэхээс илүү Орос, Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр хийгдэх боломж бүрдэнэ. Хөдөлгөөний эрчим нэмэгдэхээр үйлчилгээний газрууд ч ажиллах юм. Түүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ гэх мэтчилэн олон давуу тал бий болох юм байна.