Прокурорт буцаагаад байсан "Газар орны нэр өөрчилсөн" гэх Баян-Өлгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг дахин шүүхэд шилжүүллээ
"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2023.11.27/ Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.