Улсын харцага О.Бахытыг “Алтан од” одонгоор шагналаа
Казах түмний хаврын баяр Наурызийн өдрийг угтан Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагналаа.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.
О.Бахыт үндэсний бөхөөр амжилттай барилдан улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаараа хожим улсын харцага цол хүртсэн юм.
Мөн үндэсний бөхөөс гадна их спортоор тууштай хичээллэж, 1980 оны Москвагийн олимп, 1983, 1985, 1986 оны ДАШТ-д чөлөөт бөхийн төрлөөр оролцож байв.
Тамирчны замналаа өндөрлүүлснээс хойш опорт, олимпизмыг орон нутагтаа хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2003 оноос хойш “Ром” олимпын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа билээ.