Д.Бауыржан: Би согтууруулах ундаа хэрэглээгүй, хувийн машинаараа явж байгаад осолд орсон
Өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Толбо сум явах замдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Бид үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай онлайнаар холбогдож, тодрууллаа.
-Таныг өнгөрөгч амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад байна. Үүнд тайлбар өгөөч?
-Өглөөнөөс хойш сошиалаар хоёр талтай мэдээлэл их явлаа. Би яг одоо өрөөндөө байна. Аравдугаар сарын 15-ны өдрийн өглөөний 10.00 цагийн үед "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвөөс холгүй байх хүрээлэнд очиж мод тарьсан. Тэнд бүх албан байгууллагын алба хаагчид очсон. Тус арга хэмжээ өдрийн 14.00 цагийн үед дууссан бөгөөд тэндээс шууд гэртээ ирсэн. Хоол цайгаа уусныхаа дараа 16.00 цаг өнгөрөөгөөд Дэлүүн сум руу ганцаараа машинаа унаад хөдөлсөн. Энэ машин маань миний төрсөн дүүгийнх. Аймгаас 7-8 км-ын зайд нэлээд өгсүүр хэсэгт машин жолоодлоггүй болсон. Замын хажууд халтиргаанаас хамгаалж цацдаг элс овоолсон байсныг жолоочийн урд талаар очиж мөргөсөн. Ингээд машин хэд хэд холбирсон. Тухайн газарт аймгийн ЗДТГ-ын дарга ирж, анхны тусламжийг үзүүлсэн.
-Тамгын газрын даргатай хамт явсан юм уу?
-Дэлүүн сум руу гарч явахад ЗДТГ-ын дарга утсаар холбогдож, цэрэг татлагатай холбоотой бичиг баримт авах шаардлагатай байгаа талаар ярьсан. Тэгэхэд нь аймгаас гараад удаагүй байгаа учраас "Шар нуур"-ын пост дээр хүлээж байя, ирээд ав гэсэн юм.
-Зарим эх сурвалжууд тус ЗДТГ-ын даргатай архи ууж, зодолдсон гэх мэдээллийг өгөөд байгаа?
-Маш олон мэдээллийн хэрэгслээр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, улсын унаа унаж яваад онхолдуулсан, ЗДТГ-ын даргатайгаа архи ууж зодолдсон гээд байна. Тийм ямар ч асуудал болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Амралтын өдөр хувийн ажлаа зохицуулахаар, хувийн унаатайгаа явсан. Осол аваар гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм байна.
-Таны биеийн байдал одоо зүгээр үү?
-Суудлын бүсээ зүүж явсан учраас надад одоогоор өвдөж, гэмтсэн газар алга байна. Зүүн талын мөр бүсэндээ хавчуулагдаж жаахан хөхөрсөн. ЗДТГ-ын дарга шуурхай эмнэлгийн байгууллага руу хүргэж, шокны байдал гартал эмнэлэгт байсан. Ослыг хэн ч санаатайгаар хийхгүй шүү дээ гэдгийг хэлмээр байна. Улс орон даяар ослын талаарх сэтгэл сэртхийлгэм яриа гарч, намжаагүй байтал үүнд хачир болгож миний ослын мэдээг сэвж байгаа нь харамсалтай санагдлаа.
Ер нь сүүлийн гурван сар миний эсрэг мэдээлэл улс төрийн зорилготой тарах болсон. Түүний нэг башир арга юм болов уу гэж хардаж байна.
-Таныг цагдаагийн байгууллагад шалгуулахаас бултаж, зугтсан гээд байна. Үнэн үү?
-Тамгын газрын дарга, "Шар нуур" постод ажилладаг ажилтнууд нийлж намайг машинаас гаргасан. Тухайн үед бие нэлээд тавгүй байсан учраас шууд эмнэлгийн байгууллага руу хүргүүлсэн. Гэхдээ явахаасаа өмнө газар дээр үлдсэн хүмүүст цагдаагийн байгууллага дуудаарай, хэмжилт хийлгээрэй гэж захисан. Цагдаагийн байгууллага өнөөдөр өглөө намайг дуудаж мэдээлэл авсан. Ингэхдээ архи ууж, согтуурсан талаар огт яриагүй. Олон нийтийн сүлжээгээр явж буй баттай, ноттой бус ийм асуудлууд тухайн хүний гэр бүлд маш хүндээр тусдаг гэдгийг та бүхэн ойлгож байгаач ээ. Миний хоёр хүүхэд гадаадад байдаг. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээллийг хараад уйлаад над руу залгалаа. "Ийм олон хоног өнгөрчихөөд байхад бидэнд яагаад хэлсэнгүй вэ", "Та өнгөрчихсөн бол яах вэ" гэж байна. Тиймээс хэвлэл мэдээллүүд минь жаахан үндэслэлтэй хандахыг хүсэж байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хэдхэн цагийн өмнө мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд "Баян-Өлгий аймгийн жижүүрийн шуурхай утсанд аравдугаар сарын 15-ний 19:29 цагт тус багийн иргэнээс Буянт сумын гуравдугаар багийн "Шар нуур"-ын хяналтын постноос 300 метр зайд авто тээврийн хэрэгсэл осолдсон байгаа тухай дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын төрсөн дүүгийн эзэмшлийн машин болох нь тогтоогдсон. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжүүлэн шалгаж байна" гэсэн юм.
https://news.zindaa.mn/4dgn