М.Рысбек: Казахстан улс бусад оронд амьдарч буй казахууд очиж суурьшвал орон гэр, ажлын байраар хангана гэсэн
Казахстан улс гадаадад амьдардаг казахуудыг нүүлгэн авч оросууд ихтэй хотуудаар суурьшуулах бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Ингэхдээ ирсэн хүн бүрд 1.5 сая төгрөг, нэг өрхөд таван сая төгрөгийн буцалтгүй тусламж, ажлын байр болон орон байраар хангах, ирэх боломжгүй хүмүүсийг машинаар очиж авах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдэх аж. Энэ талаар казах ястан М.Рысбекээс тодрууллаа.
-Казахстан, Орос улсуудын нөхцөл байдал ямар байгаа талаар та хэр мэдээлэлтэй байна вэ?
-Нэгдүгээрт, Казахстан улс 2-3 жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгууль болж солигдсон. Тэрхүү ерөнхийлөгч нь “Шинэ Казахстан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгээд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад, ардчилсан улсыг урт хугацаандаа бага багаар бий болгоно гэж хэлсэн. Энэ нь гадаадын улс орнуудын нөлөөг Казахстан дотроо багасгах бодлоготой. Үүнийг оросууд мэдээж дургүйцэж байгаа. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь НҮБ-д ажиллаж байсан туршлагатай дипломатч хүн. Гадаад бодлогууддаа их өөрчлөлтүүдийг хийж байна. Мөн батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээр хичээн ажиллаж байгаа нь харагдаж буй юм. Үүнд Орос, Украины дайн том сургамж өгч байгаа байх. Ямар нэгэн цэргийн халдлага болох юм бол нэг нэгэндээ тусламж үзүүлнэ гэсэн хэлэлцээрийг саяхан төв Азийн орнуудтай хийсэн. Дээрээс нь Турк, Хятад улстай хамтран ажиллах энэ төрлийн гэрээнүүдийг хэд хэдэн удаа хийсэн.
Хоёрдугаарт, Казахстан улс Оросын газар нутгаар дамжуулж бусад улс орон руу газрын тос экспортолдог. Түүнийг нь Оросын шүүхээс түр зогсоосон. Дараа нь Казахстан улс давж заалдах шатны шүүхэд хандсаны үндсэн дээр, торгуулийн арга хэмжээ авч дахин эхлүүлсэн. Казахстаны засгийн газар Оросын нутгийг тойрч, Азарбажейн улсаар дамжих хоолойгоор газрын тосоо экспортлох зам олсон. Эхний ээлжинд 5 сая тн газрын тос экспортлох тухай ярьж байна лээ. Тэгэхээр Казахстан оросоос хамаарлаа бууруулж, эдийн засаг болон улс төр гээд аль аль талдаа хөгжих боломжийг баримталж байгаа. Мөн Оросын дайнтай
холбоотойгоор бид салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулганд оросын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Казахстаны ерөнхийлөгч шулуухан хэлсэн. Оросууд барууны хоригоос зугтах, тойрч гарахад Казахстаныг туслах болов уу хэмээн найдаж байсан ч Казахстан тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Оросын хэд хэдэн эрх баригчид Казахстантай холбоотой ноцтой зүйлүүдийг ярьсан асуудлууд бий. Энэ бүхэн нь тухайн хоёр улсын харилцааг муутгахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Хамгийн сүүлд хуучин ерөнхийлөгч болон оросын ерөнхий сайд нарын хооронд бичсэн хувийн мэдээлэл интернэт орчинд задарсан. Тэр мэдээлэлд нь Казахстаны хойд хэсэг Оросын газар нутаг дээрээс нь хойд хилд амьдардаг оросуудыг тэдэнд уусгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг бид тэвчиж чадахгүй. Энэ бол зохиомол улс гэсэн утгатай хувийн мессэжүүд байсан юм. Энэхүү мэдээллийг нь 10 минут орчим интернэт орчинд тавиад устгасан. Казахстаны хойд хилийн хотуудын хүн амын 43 хувийг нь оросууд эзэлдэг. Хуучин нийт хүн амын 40 хувь нь оросууд байсан бол одоо 18 хувь болж буурсан байгаа. 2040 он гэхэд 8-10 хувь хүртэл буурах төлөвтэй байна гэсэн судалгаа гаргасан байна лээ. Гэхдээ миний хувь хүний зүгээс энэ бол ямар нэгэн дайн дэгдээх хангалттай шалтгаан биш гэж харж байгаа. Гуравдугаарт, газарзүйн байрлалын хувьд Төв Азийг Узбекистан, Казахстан, Киргистан, Тажикистан гэх мэт улсууд маш урт газар нутгаараа Оросоос тусгаарлаж байдаг. Орос улс Казахстан дахь улс төрийн нөлөөг алдана гэдэг нь Төв Азид мөн улс төрийн нөлөөгөө алдана гэсэн үг. Ийм учраас ОХУ Казахстан дахь улс төрийн нөлөөгөө хадгалж авч үлдэх сонирхолтой байгаа гэж бодож байна.
-Казахстан улсын хувьд Оросууд ихээр суурьшсан газрууддаа гадаадад амьдарч байгаа иргэдээ татаж авч байгаа гэсэн. Энэ талаар танд мэдээлэл бий юү?
-Оросоос гадна Хятад, Турк, Узбекистан, Монгол гэх мэтчилэн Төв Азийн орнуудад казахстанууд ихээр амьдардаг. Жишээ нь, Монголд 100 мянга гаруй казак хүмүүс байдаг. Бусад орнуудаас казахстануудыг авчирч оросууд ихтэй нутгуудаараа суурьшуулах юм бол орон гэр, ажлын байраар хангах, гэр бүлийн гишүүдэд нь тодорхой хэмжээний тэтгэмж олгох, нэг удаа буцалтгүй мөнгөн тусламж олгох гэх мэт хуучны цагаачдыг нутагшуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Урд нь хэрэгжүүлсэн үндэстнээ эргүүлэн татаж авах, иргэншил олгох бодлого нь бүтэлгүйтсэн гэж би боддог. Яагаад гэвэл энэ хөтөлбөр дээр авлигын асуудал их гарсан. Тэр буцалтгүй тусламжийг зарим нь маш олон удаа авсан, үр дүнгүй алдагдал их гарсан учраас засгийн газраас үүнийг дахин шинэчлээд, нэмэлт өөрчлөлт оруулж, нэг ёсондоо гадаадаас ирж байгаа казахуудыг богино хугацаанд буюу гурван сарын дотор багтаад паспортыг нь өгөх гэх мэтээр ямар ч хүндрэлгүйгээр иргэншил олгох ёстойг тусгасан хуулийн төслийг 1-2 жилийн өмнөөс батлан хэрэгжүүлж байгаа юм билээ.
-Татаж авч байгаа хүмүүстээ ямар нэгэн болзол тавьж байгаа болов
уу?
-Миний олж уншсанаар өөрийгөө казах хүн гэдгийг нотлох ёстой. Ганц шалгуур нь энэ. Гарал үүсэл, боловсрол зэргээр нь ялгаварласан юм бол харагдахгүй байгаа. Казахстан гэдгээ нотлох бичиг байх ёстой. Энэ бол саяхнаас биш 1990 оноос хэрэгжиж байгаа үйл явц. Шууд Оростой харилцаа муудсан гээд хэрэгжүүлж байгаа бодлого биш л дээ.
-Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймагт Казахстан улсаас төлөөлөгч ирж хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн мэдээлэл үнэн болов уу?
-Мэдээж ийм хөтөлбөр явуулж байгаа болохоор зорилтот бүлэг гэдэг зүйл тэр улс оронд байж таарна. Дээр дурдсанчлан Казахстан хүмүүс олноор амьдардаг улсын нэг нь Монгол Улс. Тийм болохоор энэ төсөл хөтөлбөрөө түгээн дэлгэрүүлэх ажлаа хийж байгаа байх. Тэгэхээр тэнд бүртгэх ажил явагдаж байгаа. Нэмж хэлэхэд, улсынх нь засгийн газраас ийм тааламжтай санал тавьж байхад явахгүй байгаа хүмүүс бол үнэхээр Монголд хайртай байна гэсэн үг. Мэдээлэл хүргэж, бодит байдлыг хэлсний төлөө хүнийг доромжилж, ямар нэгэн санхүүжилттэй мэтээр харлуулж, Монголоос зайл гэх мэтчилэн хэл амаар дайрч доромжлох нь Монгол Улсын үндсэн хуульд нийцэхгүй. Миний хувьд зөвхөн энэ асуудал дээр биш Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх л асуудал дээр нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлдэг хувь хүн.
А.Гантуяа