БАЯН-ӨЛГИЙ: Бугат, Буянт, Толбо, Дэлүүнээс бусад сумдад эрэгтэйчүүдийн тоо давамгай байна

415


Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс тус аймгийн 2021 оны Хүн ам, өрхийн танилцуулгыг гаргаж энэ сарын 29-ний өдөр олон нийтэд зарлалаа. Судалгаанаас харахад Баян-Өлгий аймагт оршин суугаа хүн амын тоо 2021 оны байдлаар 108376, өрхийн тоо 25630 байна. Хүн амын тоо урьд оныхоос 2523 хүнээр буюу 2.4 хувиар нэмэгджээ. Тухайн онд 3005 хүүхэд хорвоод мэндэлж, 870 хос гэрлэжээ. Мөн 515 хүн нас барсан.

Тус аймгийн хүн амын тоо 1956 онд 38.8 мянга болж, жилд дунджаар 0.7 хувийн өсөлттэй байсан аж. Харин 1990 онд анх удаа 99 мянган хүн амтай болж, жилийн өсөлтийн хувь 8.9-т хүрчээ. Энэ нь жилийн өсөлтийн хувийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Аймгийн хүн амын тоо 1980-1990 онд 27.6 мянган хүнээр нэмэгдэж, жилд дунджаар 4 хувиар өсжээ. Хүн амын тоо ийнхүү хурдацтай өссөн нь ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр төр, засгаас авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээний үр дүн байсан хэмээн судлаачид дүгнэсэн байна.

1991 оноос 1993 он хүртэл хүн амын тоо огцом буурсан бөгөөд шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт, мөн иргэд Казахстан улс руу ахуй амьдарлаа сайжруулахаар нүүсэнтэй холбоотой юм. Хүн амын тоо 2000-2010 онуудад жилд дунджаар 1.5 хувиар, 2010-2020 онуудад жил бүр дунджаар 2.2 хувиар тус тус өсжээ. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.5-2.2 хувьд хүрэхэд нөхөн үржихүйн насны иргэдийн эзлэх хувь их байсан нь нөлөөлжээ.

Аймгийн хүн амын 49,9 хувийг эрэгтэйчүүд, 50,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба 100 эмэгтэйд 100 эрэгтэй ногдож байна. Хүн амын хүйсийн харьцааг насны бүлгээр авч үзвэл 0-45 насны бүлэгт 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байгаа бол 56 ба түүнээс дээш насны бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа. Хүйсийн харьцааг сумаар авч үзвэл Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур , Алтай , Булган сумдад эрэгтэйчүүд давамгайлж, Бугат, Буянт, Толбо, Дэлүүнд эмэгтэйчүүд олонтой байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn