"NHL" өвлийн олимпийг өнжихөөр боллоо
Канадын үндэсний хоккейн лиг буюу “NHL”-ийн тамирчид удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпод оролцохооргүй боллоо. Учир нь дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн шинэ хувилбар болох омикроны тархалтаас шалтгаалан ийм шийдвэр гаргах болсноо мэдэгдэв.
Энэ талаар NHL-ийн комиссар Г.Бетмэн “Лиг хамтын хэлэлцээрээр тоглогчдод амласан амлалтаа биелүүлэх гэж их хичээлээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас лигийн хуваарьт тоглолтууд тасалдсан. Бид одоогоор 50 тоглолтыг хойшлуулаад байна.
ОУОХ, Олон улсын хоккейн холбоо, Бээжингийн олимпын Зохион байгуулах хорооноос NHL-ийн тоглогчдыг олимпын наадамд оруулахын тулд их хүчин чармайлт гаргасанд талархаж байна.
Өнөөгийн нөхцөл байдал ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүргэлээ. Бид 2026 оны өвлийн олимпод оролцохыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. Ингэснээр NHL-ийн хоккейчид сүүлийн хоёр олимпыг өнжихөөр болж байгаа юм.
Б.БямбажаргалЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин