Цагаанхайрхан сумын Хар модны булан хэмээх газарт баавгай очжээ
Цагаанхайрхан сумын Хар модны булан хэмээх газарт намаржиж байсан малчин Э-гийн хотонд баавгай ирсэн мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд тус суманд ажиллаад иржээ. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.
“Өнгөрсөн сарын 21-ний шөнө Цагаанхайрхан сумын Хар модны булан хэмээх газарт намаржиж байсан малчин Э-гийн хотонд баавгай ирсэн мэдээллийн дагуу манай байгууллагаас ажлын хэсэг гарч тус суманд ажиллаад ирсэн. Энэ үеэр сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, баавгай ирсэн малчны хот, хүмүүст харагдсан газруудыг 1:100 000 масштабтай байр зүйн зурган дээр тэмдэглэж, баавгай 90 гаруй га талбайд байршиж байгааг зураглаж тогтоосон.
Мөн Цагаанхайрхан сумын Баруун модны булан орчимд намаржиж байсан 10 гаруй айлыг 7-12 орчим км нүүлгэх ажлыг сум, багийн удирдлагатай хамтран зохион байгуулж, баавгайгаас амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, өмч хөрөнгөө хамгаалах талаар малчдад зөвлөмж мэдээлэл өгсөн.
Одоогоор сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг тухайн нутгийн малчидтай байнгын холбоотой байж, талуудыг мэдээллээр хангаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, мал сүргийг хамгаалж, аюулгүй байлгах үүрэг хүлээн ажиллаж байна” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Буянцог хэллээ.